A$AP Rocky GQ сэтгүүлийн нүүрийг чимж хувийн амьдралынхаа талаар ярилаа

Өнөө цаг үеийн хамгийн дур булаам залуу

Рэппер A$AP Rocky GQ сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимлээ. Сэтгүүлийн зүгээс түүнийг "Өнөө цаг үеийн хамгийн дур булаам залуу" хэмээн нэрлэжээ. Тэрээр зураг авалтад зориулан Chanel, Hermès, Valentino болон бусад Итали брэндүүд болон Mikimoto x Comme des Garçons нарын хамтран гаргасан сувдан зүүлтээр гоёсон байлаа.

Рэппер сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хайр дурлалын амьдрал, шинэ цомог гээд өргөн хүрээг хамран ярилцсан юм. Тодруулбал, тэрээр Рианнаг "Миний амьдралын хайр. Цорын ганц нэгэн" хэмээн онцолсон ба түүнтэй хамт өнгөрүүлэх хугацаа бүхэн юу юунаас илүү онцгой болохыг дурджээ. Харин ирэх сард гарахаар төлөвлөгдөж буй "All Smiles" хэмээх шинэ цомгийн ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэхүү цомгийг бүтээх ажилд Рианна хамгийн ихээр тусалсан болохыг хэлжээ.

Түүнчлэн A$AP Rocky 2019 онд Шведийн хориход хэсэг хугацаа өнгөрүүлсэн талаараа хуваалцсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, хоёр жилийн тэртээ A$AP Rocky болон түүний ажилтнууд Стокгольм хотноо явж байх үед хэсэг залуустай үл ойлголцсоноос болж Шведэд цагдан хоригдсон юм. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп түүнийг суллахад туслалцаа үзүүлнэ хэмээн жиргэж байсан ч уран бүтээлч түүний туслалцаагүйгээр суллагдсан гэдгээ GQ сэтгүүлд ярьжээ.

Buro.Mongolia

2021-05-20, 11:00