Их Британийн дуучин Адель өөрийн Instagram хуудаснаа “30” нэртэй шинэ цомгийнхоо товыг зарлаж шүтэн бишрэгчдээ баярлуулаад авлаа. Дуучин бүсгүйн шинэ цомог арваннэгдүгээр сарын 19-нд олны хүртээл болох юм.
Энэ оны гуравдугаар сард Адель албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэхүү цомог нь түүний салалтын тухай өгүүлэх гэнэ. Тэрээр саяхан Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа цомогт багтсан дуунууд нь түүний есөн настай хүү Анжелод эцэг эх нь ямар шалтгаанаар салсныг ойлгуулах болно хэмээн дурджээ.
Адель хамгийн сүүлд 2015 онд “25” нэртэй цомгоо толилуулж байсан бөгөөд уг цомгоороо 59 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолд “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг поп цомог” зэрэг хүндэт шагналуудыг хүртсэн билээ. Ингээд бүтэн зургаан жил уран бүтээлээ гаргаагүй дуучны “30” цомгийг дэлхий даяар олон сая хүн тэсэн ядан хүлээж байгаа юм.
"Би өөрийнхөө тухай олон үнэнийг нээж олсон. Би маш олон зүйлсээс ангижирсан ч мөн цөөнгүй зүйлсийг олж авсан. Амьдралынхаа турш баримталж явах нэн хэрэгтэй, эрүүл сэтгэхүйн зарчмуудыг олж нээсэн төдийгүй эцэст нь би өөрийгөө дахин шинээр олсон юм шиг санагдаж байна. Би өмнө нь хэзээ ч ийм амгалан тайван байж үзээгүй гэж хэлж болно. Тиймээс би энэ цомгоо гаргахад бэлэн байна” хэмээн Адель тэмдэглэн үлдээсэн юм.
Эргэн сануулахад, энэ сарын 15-нд дуучны “Easy on Me” нэртэй шинэ дуу цацагдах билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт