Монгол уран бүтээлчид Брекенрижийн цасан баримлын тэмцээнд алтан медаль хүртлээ

Баяр хүргэе!

АНУ-ын Колорадо мужийн Брекенриж хотод 28 дах удаагийн олон улсын цасан баримлын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол улсын уран бүтээлчид алтан медаль хүртлээ. Уг тэмцээнд манай улсаас нийт хоёр баг оролцсон байгаа. Тодруулбал Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай багийнхан эмэгтэй хүн ба түүний нууцыг дүрслэн үзүүлсэн "Нууц" нэртэй бүтээлээрээ тэргүүн байрыг эзэллээ. Харин Ц.Батмөнх ахлагчтай баг энэхүү олон улсын цасан баримлын тэмцээнээс "Цаг хугацаа" нэртэй бүтээлээрээ "People's Choice Awards" гэх тусгай шагналын эзэд болжээ.

Брекенрижийн 28 дах удаагийн цасан баримлын тэмцээнд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, олон улсын 16 баг оролцсон бөгөөд уран бүтээлчид сийлбэрээ бүтээхийн тулд 65 цагийн турш 25 тонн, 3,65 метр өндөр цасыг сийлсэн гэдгийг Summit Daily вебсайт мэдээллэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн жил Брекенрижийн цасан баримлын тэмцээнийг тэргүүлсэн Хятад улсын баг энэ жил мөнгөн медаль хүртсэн бол, АНУ-ын уран бүтээлчид хүрэл медалийн эзэд болсон байна. Сонирхуулахад манай улсын уран бүтээлчид энэхүү олон улсын цасан баримлын тэмцээнд зургаа дах удаагаа оролцож байгаа билээ.

Алтан медаль хүртсэн "Нууц" бүтээл

People’s Choice Awards шагналыг хүртсэн "Цаг хугацаа" бүтээл

Ц.Батмөнх ахлагчтай баг

Г.Тэмүүлэн

2018-01-29, 09:00

  • Зураг: Breckenridge International Snow Sculpture Championships Facebook