Velin сэтгүүлийн намар-өвөл 2023/24 улирлын дугаарт нийтлэгдсэн Davaidasha-гийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна
Оюун санаанд ороо засаад тухалчихсан гэлтэй өдөржин амандаа аялж, сонсох бүрд мэдрэмж хөглөх шиг болдог тийм нэгэн дуутай хааяа нэг таардаг л биз дээ. Миний хувьд Davaidasha-гийн дийлэнх уран бүтээлээс ийм сэтгэгдэлтэй үлддэг. Анх “Шуналтай нүд” дууг нь олчхоод дахин дахин тоглуулмаар байсан ч уйдчих вий гэсэндээ гамнаж хүртэл сонсдог байлаа.
Davaidasha үргэлж л дуутай ойр байжээ. Түүний гэр бүл, найз нөхөд нь урлагийн хүмүүс учраас биш, харин өөрөө дуу хөгжмийн хойноос зогсолтгүй явсаар ирсэн болохоор тэр. Анхны бүтээлээ ахлах сургуульд хийхдээ солгой хоолойтой гэдгээ хүртэл илрүүлсэн ч тэрээр гар хумин суугаагүй байна. Эсрэгээрээ явсан газар бүртээ дуу сонсож, дагаж дуулан сургуулилсаар өдийг хүрчээ. Мөн тухайн үед Davaidasha ид хөдөлгөөнтэй, дэврүүн өсвөр насан дээрээ явж байсан ч найзуудтайгаа цаг нөхцөөх нь түүний гол зорилго байсангүй. Харин эхэлсэн бүтээлээ дуусган Soundcloud-даа нийтэлж санаагаа амраачхаад дараагийн ажил руугаа ордог байж. Тэр ч бүү хэл төрж өссөн Эрдэнэт хотоосоо нүүж Улаанбаатарт ирэн долоо хоног тутамд нэг найзынхаа гэрээс нөгөөд хоног төөрүүлж явахдаа ч завсарлага авалгүй хөгжмөө туурвисаар байв. Davaidasha-гийн энэ л хандлага уянгалаг ая, содон үгний мэдрэмжтэй нь нэгдэж бидний чихэнд биш зүрхэнд хүрч чадсан болов уу. Сонирхолдоо бууж өгөлгүй өөрийгөө дайчилсаар байгаа түүний амьдралын хөшигний ард тэгвэл юу өрнөдөг бол?
Зураг: О.Төмөрбаатар
Арт директор: Д.Номундарь
Стилист: Ө.Тодгэрэл
Нүүр будалт/Үс засалт: Н.Сумьяабазар
Davaidasha гэж таны анхны Даваадаш гэдэг нэрээс улбаатай гэсэн. Энэ талаараа хуваалцаач?
Нэр хүндэдсэн болохоор сольж байсан. Одоо намайг Г.Ариунболд гэдэг. Дотнын хүмүүс Ари гэж дууддаг. Тайзны нэрийн хувьд Даваадаш гэдгээсээ санаа авахаар шийдэн бага зэрэг хувиргаад өгч байсан.
Ширээн дээр эд зүйлсээ байрлуулсныг нь харахаар эмх цэгцэд дуртай юм шиг санагдлаа.
Тийм шүү. Студид ч гэсэн миний бүх юм цэгцтэй байдаг. Тэр нь ч надад таалагддаг. Хааяа бас дараа болно. Жишээ нь, автомашинд явж байхад замын голын тасархай зурааснууд хэзээ ч нэгэн жигд урттай байдаггүй нь харагддаг. Урт, богино хааяа голоороо тасарчихсан гээд л. Дээрээс нь түгжрэлийн үеэр үүсдэг эмх замбараагүй байдал маш их нерв хөдөлгөдөг. Нэг удаа автомашинтайгаа явж байхдаа дуудлагын жолооч дуудаж бариулчхаад өөрөө алхаад харьж байсан ч удаатай. Наашаа ирж явах замд ч мөн байрны урд талын туслах зам дээр гарчихсан байсан нүх нэлээд стрессдүүлсэн. Тэгэхээр нь засвар хийж байсан айлын панеруудыг гуйж аваад нүхэн дээр нь өрж тавин битүүлчхээд ирлээ. Очиход хугарчихсан байж магадгүй л юм. Гэхдээ энэ зуршил маань ойрхон давтагдаад байдаггүй. Байж байгаад нэг тэсэрдэг гэх юм уу.
Тэсрэлт гэснээс Davaidasha гэх нэр дуу хөгжмийн салбарт тэсэрч гарч ирсэн юм шиг санагддаг. Хэзээнээс өөрийгөө олны анхааралд өртөж байгаагаар мэдэрсэн бэ?
“Чи чинь нээрээ” гэдэг дууны дараа. Мөн 290, Noubold-той хамтарсан “Удаа дараа” гэдэг уран бүтээл гурван долоо хоногт нэг сая үзэлт хүрч миний хувьд хэзээ ч байгаагүй өндөр үзүүлэлт гарсан. Өмнө нь Soundcloud дээр 10,000 үзэлт авсныгаа wow гэж боддог байлаа шүү дээ. Одоо харин бүр ч илүү хичээгээд амжилтаа эвдмээр байна. Гэхдээ хэт их тоон үзүүлэлтэд сатаарахгүйгээр дуун дээрээ өндөр ач холбогдол өгнө. Зогсолтгүй хийсээр л байх болно.
Амбицтай юу?
Амбицтай гэхээсээ илүү тууштай бас хийж байгаа зүйлдээ маш их дуртай. Угаасаа карьер дээрээ эргэлзэж олон салбар луу үсчээгүй болохоор тууштай байхын аргагүй. Ялангуяа сүүлийн үед хөгжим бид хоёрын харилцаа дотно болоод байгаа. Илүү гүнзгий, яг л хосууд шиг. Гэхдээ жаахан хортой талын харилцаа байж магадгүй. Нэг өдөр тийм ч юм хийгээд, ийм ч амжилтад хүрээд ална гэж боддог бол эсрэгээрээ бүх юм болдгоороо болно доо гээд л тоохгүй явж байх нь бий.
Хэзээнээс ер нь дуу хийж эхэлсэн бэ?
Ахлах сургуульд байхдаа дээд ангийнхаа хүүхдийн гэрт скейтборд авах гээд орсон чинь найз маань аян дээр үг бичиж, дуулж байсныг харж байлаа. Тэрнээс хойш нээх удалгүй найзтайгаа мөнгөө нийлүүлж байгаад Эрдэнэтийн студид хип-хоп жанрын дуу бичүүлж байсан. Сонирхолтой нь би тухайн үед өөрийнхөө хоолойг чихэвчээр сонсоод өнгөө зөв олохгүй байгаагаа анзаарсан юм. Хүмүүст хэлэхээр итгэдэггүй л дээ. Гэхдээ би солгой байсан нь үнэн. Хоолойгоо зүгшрүүлэх оролдлого уйгагүй хийсээр сайжирсан гэж боддог. Хоолойны түгжээ гэж байдаг бол “Шуналтай нүд” дуун дээр жинхэнэ мултлагдсан юм шиг санагддаг.
Харин уран бүтээлд анхаарлаа эрчимтэй хандуулсан нь 2019 оноос эхлэлтэй. Тэр үед Soundcloud дээр өдөрт 2-3 дуу оруулаад тогтчихсон байсан. Davaidasha гэх тайзны нэрээр бол анх “Хүүхдийн тоглоом” дуугаа гаргасан юм. Энэ бүтээл маань 2020 оны зургаадугаар сард лагерийн байшин дотор подкастны микрофоноор бүтэж байлаа. Тэр үед найзууд маань надад Эрдэнэтээр зугаалах санал тавьсан ч би эхэлсэн ажлаа заавал дуусгана гээд хоолойгоо бичиж, нийлүүлж янзлаад, Soundcloud-даа хийгээд гарч билээ. Хөгжим гэдэг зүйлээс энэ үед анх удаа хариуцлага мэдэрсэн.
Бага нас нь тэгэхээр Эрдэнэтэд өнгөрсөн гэсэн үг үү?
Тийм. Эрдэнэтэд эмээ дээрээ өссөн. Жаахан байсан үеэ тод санахгүй байгаа ч эмээ намайг зүгээр суулгадаггүй үргэлж л музейгээр дагуулж явж, төрөл бүрийн тоглолт үзүүлдэг байлаа. Нэг өдөр их өндөр үнэтэй циркийн тоглолт руу явснаа санадаг. Заан хүртэл ирж байсан. Эрдэнэтэд яаж заан авчирсан юм бол? (Инээв). Ер нь л эмээгээ дагаад олон газраар явдаг байсан болохоор бага нас их адал явдалтай өнгөрсөн гэж боддог.
Сургуулийн хувьд хятад хэлний Цай Хуныг дүүргэсэн. Эхлээд онц сурдаг, мундаг хүүхэд байснаа ахлах ангидаа дуу хийж эхлэн хичээлдээ анхаарахаа бараг л больчихсон. Тиймээс эмээдээ маш их загнуулна. Жаахан байсан болохоор үгийг нь тэгж их ойшоодоггүй л байж. Гэхдээ дуу хийх тал дээр хэзээ ч дургүйцэж байгаагүй. Анхны спикерийг маань хүртэл авч өгсөн хүн байгаа юм.
Хичээл, хөгжмөөс гадна юу хийдэг байсан бэ?
Олон төрлийн дугуйланд явдаг байлаа. Спортоос сагс, сэлэлтээр хичээллэнэ, мөн хоккей тоглоно. Харин урлагаас электро болон хип-хоп бүжгийн хоббитой. Улаанбаатар хотод зохион байгуулагддаг гудамжны бүжгийн тэмцээнүүдэд идэвхтэй ордог байсан. Сургалт орж багшилсан ч туршлагатай.
Бүжгээрээ 2019 он хүртэл долоон жилийн турш хичээллээд саяхныг хүртэл завсарлачихсан байсан юм. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Youtube дээр бүжгийн тулааны бичлэг үзсэн чинь дотор сонин оргиод л явчхаж байна лээ. Тиймээс бэлтгэлдээ эргэн орохоор шийдсэн дээ.
Дууных нь үгийг сонсохоор цагаан цааснаас эхэлсэн хүн шиг санагддаггүй. Уран зохиол, яруу найрагт сонирхолтой байсан уу?
Багадаа их шүлэг бичдэг байсан. Одоо бодоход эмээ намайг бага байхад шөнө алгасахгүй төрөл бүрийн үлгэр уншиж унтуулж өгдөг байсан нь шүлэг, уран зохиолтой ойртоход нөлөөлсөн болов уу. Гэхдээ би өөрийгөө тийм сайн үг бичдэг гэж боддоггүй. Сайжруулах гээд л хичээж явна.
Дууныхаа жанрыг юу гэж тодорхойлдог вэ?
Би эхлээд янз бүрийн жанраар дуу хийж туршдаг байсан. Рок, гранж, алтернатив, поп гэх мэт. Одоогоор гаргасан дуунуудын дийлэнх нь фанк ритмтэй. Гэхдээ үндсэн фанк төрөл шиг аз жаргалтай биш. Илүү тайван. Гунигтай.
Харин сүүлийн үед барууны поп өнгө аясад анхаарлаа хандуулж эхэлсэн. Шинэ цомог маань яг л европ стиль болон дуугаралттай. Трой Сиван, Lauv зэрэг артистуудын бүтээлээс чанараараа хол зөрөхгүй гэж хэлнэ. Өмнө нь би дуунуудаараа хэлэх гэсэн санаагаа хүргэчихдэг байсан ч mix mastering, аяны тал дээр дутуу дулимаг зүйлүүд ихтэй, мэргэжлийн түвшний бүтээл гаргадаггүй байсан юм. Тиймээс шинэ цомгоо дуугаралтын хувьд супер байхад тусгайлан анхаарсан байгаа.
Гэхдээ хэт их чанар дээр анхаараад дууныхаа сүнслэг байдлыг алдагдуулсан байж магадгүй. Тиймээс дараа дараагийн бүтээлээрээ алдаанаасаа суралцаад юуг нь ч орхигдуулаагүй маш тэнцвэртэй уран бүтээл гаргаж харуулахыг зорьж байна.
Дууны өнгө аяс өөрчлөгдөж байгаад сонсогчид нь дургүйцэхгүй юу?
Хуучных шигээ дуу хий гэдэг шүүмжүүд их авч байгаа. Гэхдээ би хүсэхгүй байна. Дуучны талаас хөгжил гэж харж байхад сонсогчид үүнийг нь өөрчлөлт гэж дүгнэх үзэгдэл артистуудын туулдаг түгээмэл асуудал л даа. Мэдээж хэрэг сонсогчид байхгүй бол дуучин гэж байхгүй. Энэ хоёр маш нандин, яг л эхнэр нөхөр хоёр шиг холбоотой. Гэсэн хэдий ч уран бүтээлчид сонсогчдоо авч үлдэх нэрийдлээр нэг газартаа хөдөлгөөнгүй удах нь гоё уран бүтээл гаргахад нь саад болно шүү дээ. Урлагийн мэдрэмж нь аажмаар унтардаг гэсэн үг. Тиймээс хоорондын харилцаагаа хадгалахын тулд сонсогчийн талаас нөхцөл байдалд дасан зохицох нь зөв шийдэл гэж боддог. Үүний тулд хүмүүс аливаа артистыг олж илрүүлэх эхний үе шатдаа л тэдний өөрчлөлтийг хүлээж авах орон зайг өөртөө хуваарилах хэрэгтэй болов уу. Мэдээж бүгд тэгэх албагүй, энэ бол хүмүүсийн сонголтын асуудал.
90-ээд оны хэв маягийн юу гэж боддог вэ? Тайзны нэр, зарим дууны клип нь тухайн үеийг санагдуулаг.
Надад 90-ээд оны хэв маяг жаахан хуучинсаг ч гэсэн аль хэдийнээ дархлагдчихсан, хэн ч муугаар хэлэхгүй, гоёор хардаг зүйл шиг санагддаг. Анх дуу хийж эхэлж байхдаа л энэ хэв маягт донтчихсон байсан. Яг л нүдэндээ 90-ээд оны линз зүүчихсэн юм шиг. Магадгүй миний төрж өссөн газар үүнд чухал нөлөө үзүүлсэн байх. Гэхдээ одоогоос шинэ зүйл туршиж үзэхийг хүсэж байна.
Дуу бичихдээ хийдэг зуршил гэж бий юу?
Би үг бичихдээ заавал микрофоноо асаагаад урдаа бариад суучихдаг зуршилтай. Магадгүй энэ нь намайг илүү тухтай болгож, тархинд үг бичиж эхлэх дохио дамжуулдаг байх. Эсвэл зүгээр л шинээр микрофоноо туршмаар санагдсаар ийм зуршилтай болсон юм болов уу? (Инээв).
Үүнээс гадна хоолойгоо бичихдээ босож зогсож чаддаггүй. Ганцаараа дуугаа хийдэг болохоор рекорд товчоо дарчхаад микрофон руугаа гүйхийн оронд байрнаасаа босохгүй хоолойгоо бичдэгээс энэ зуршил үүдэлтэй байх.
Одоо байгаа дуунуудаас аль нь өөрийг чинь хамгийн сайн тодорхойлдог бол?
“Аладдин”. Өөрийнхөө талаар дуулсан дуу байгаа юм.
Энэ дуу нь төөрөгдөлд орсон хүний тухай санагдсан.
Яг тийм. “Ерөөсөө” бас төстэй утгатай. NMN-тэй хамтарсан “End” ч гэсэн. Хүмүүс миний ихэнх дууг хайрын тухай гэж ойлгодог. Үнэндээ тийм биш. Халтихан сонсоход хайр дурлалын сэдэвтэй юм шиг хэр нь өөрөө өөртэйгөө ярилцаж буй утгатай дуунууд их бий. Тэглээ гээд хүмүүс заавал миний дуундаа шингээсэн санааг ойлгох албагүй. Харин ч сонсогчид тухайн бүтээлийг өөрсдийн өнцгөөс харилцан адилгүйгээр хүлээн авч байгаа нь надад таалагддаг. Ганцхан утга санаанд хайрцаглагдах уйтгартай шүү дээ.
Хамгийн их сэтгэлийг чинь хөдөлгөсөн тайз юу вэ?
Анхны тайз маань хэзээ ч мартагддаггүй. Тэр үед үзэгчид дуунуудыг маань дагаж дуулаад би өөрийнхөө хоолойг ч сонсож чадаагүй. Гурван дууг арван минутын турш үзэгчид дуулж, би сонссон гэхэд болно. Харин сүүлд гэх юм бол Playtime-ын тайз гоё болж өнгөрсөн. Playtime-д зориулж сар гарангын хугацаанд анх удаагаа хамтлагтайгаа бэлтгэл хийсэн юм. Ханатлаа бэлдчихсэн байсан болохоор санаа зовних зүйлгүйгээр үзүүлбэрүүдээ ар араас нь угсруулсан. Гүйцэтгэлийн хувьд алдаа мадаг гаргаагүй сэтгэл ханамж дүүрэн тайзнаасаа буусан даа.
Дуучдаас хэнтэй нь илүү дотно байдаг вэ?
Би хотод ирээд олон уран бүтээлчтэй танилцаж найзууд болсон. Тэднээс өдөр тутамдаа, уулзах тоолондоо, дуулж, үг бичиж байхдаа их зүйлд суралцдаг. Миний хувьд бол 290 үг бичихдээ шилдэг нь, харин The C-гийн дууны flow нь их таалагддаг. Цаашлаад Morningstar чадалтай хоолойтой, харин Baatarfly хөгжим хийхдээ гаргууд гээд залуу уран бүтээлчид бүгд өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой.
Хамтарч уран бүтээл хиймээр байгаа дуучин бий юу?
Яг одоогийн байдлаар BX-тэй л хамтармаар байна. Тэр бол монголд R&B жанр танигдаагүй байхад энэ төрлөөр дуу хийж бидэнд шинэ зүйл сонсгосон хүн. Тухайн цаг үедээ тийм дуу гаргаж байсан гэхээр үнэхээр дараагийн түвшний юм шиг санагддаг. Тиймээс BX-тэй хийх хамтралаас маш гоё зүйл гарахыг мэдэж байна.
Загварт сонирхолтой юу? Хар өнгийн хоолойтой цамцаар хэв маягаа тодорхойлдог уу?
Өдөр тутамдаа өөрийнхөө юу өмсөх ёстойг үнэхээр мэдэхгүй төөрөгдчихсөн байна. Би дэлгүүр хэсэг их дургүй. Хотод ирснээсээ хойш хамгийн ихдээ гурван удаа л дэлгүүрээр явсан байх. Харин хар өнгийн хоолойтой цамцны хувьд зүгээр л эвтэйхэн болохоор нь өмсдөг. Ер нь тайзан дээр тас хар хувцаслахыг илүүд үздэг. Ингэснээр үзэгчид хувцаслалт дээр биш, дуунд минь бүрэн анхаарна гэж итгэдэг юм.
Эмч эмчилдэг, багш сурган хүмүүжүүлдэг гэдэг шиг дуучин хүний бусдад хүргэх хамгийн чухал үүрэг нь юу бол?
Өмнө нь авч үзээгүй мэдрэмжийг нь өгч чаддаг байхад боллоо л гэсэн үг.
Яг энэ мөчид яаж дурсагдахыг хүсэж байна?
Дурсагдана гэдэг ч хүртэл өөрөө хугацаатай, мөнх үргэлжлэх зүйл биш болохоор дурсагдахын талаар их боддоггүй. Маш мундаг дуучдыг өнгөрсний дараа хүртэл жил ч хүрэхгүй хугацаанд ихэнх хүмүүс мартчихдаг шүү дээ. Тиймээс яаж дурсагдах нь биш, харин хүн өөрөө аливааг хэрхэн дурсах нь л чухал.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт