"Дэлхий" хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт болно

Тасалбар худалдаанд гарлаа

Монгол ардын болон язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимтэй хослуулан chillwave урсгалаар тоглодог "Дэлхий" хамтлаг анх 10 жилийн өмнө албан ёсоор үүсгэн байгуулагдсан цагаасаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, энх тайван оршихыг уриалан уран бүтээлээ чимээгүй туурвисаар урын сандаа өнөөдөр 3 цомог, 2 пянз, нийт 100 орчим бүтээлтэй болжээ. Бүтээл нь танигдсан ч бүтээсэн эзэн нь төдийлөн мэдэгддэггүй явсан тус хамтлаг “Ус”, “Ертөнц”, “Хавар”, “Тайга” зэрэг монголчуудын чихэнд хоногшсон бүтээлүүдийг арав гаруй жил хөшигний араас эгшиглүүлсэн бол өнгөрсөн жил анхны бие даасан “Уухай” тоглолтоо хийж үнэнч фэнүүдээ баярлуулсан. Тэгвэл тэд “Онгод” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо тун удахгүй зохион байгуулж, язгуур урлаг, электро хөгжим болон байгаль дэлхийг биширдэг хэн бүхний сонорыг мялаах нь.

Ердөө 277 үзэгчид зориулагдах энэхүү тоглолтдоо "Дэлхий" хамтлаг “Ертөнц”, “Байгаль”, “Хүмүүн” цомгуудынхаа шилмэл бүтээлүүд болон ирэх жил шинээр гаргах “Сансар” нэртэй цомгийнхоо бүтээлүүдээс тоглохоор болжээ.

Сонирхуулахад тус хамтлаг “Ертөнц” нэртэй хөгжмийн цувралыг бүтээж, таван хадгийн өнгийг билэгдэн нийт таван цомог бүтээхээр зорьсноос одоо тэд дөрөв дэх цомог дээрээ ажиллаж байгаа аж. Байгаль дэлхийн хосгүй үзэгдэл, амьтай бүхнийг амьдралаар тэтгэж байдаг нар, уул, ус бүхнийг даралтат болон язгуур хөгжмийн зэмсгүүдээр гайхалтай сайхнаар цогцлоохыг үзэж, “Сансар” сетийн хэмнэлд доргих цаг удахгүй.

“Онгод” тоглолт 11 сарын 24-ний 20:00 цагт “Хүн” театрт зохион байгуулагдана. Тоглолтын тасалбарыг эндээс худалдан авна уу.

Buro.Retelling

2023-11-07, 16:53