Диснейн шинэ бүтээл “Бяцхан лусын дагина” өнөөдөр нээлтээ хийж байна

Уянгалаг сайхан дуу хоолойгоо хүний хоёр хөлөөр сольж, хайр дурлалынхаа төлөө далайн шуламтай тэмцэх бяцхан лусын дагинын тухай түүхийг 1837 онд Данийн зохиолч Ханс Кристиан Андерсен бичсэнээс хойш эл зохиол зуунаас зуун дамжин яригдсаар байна. Disney кино компани 1989 онд уг зохиолоор хоёр Оскар хүртсэн анимэйшн хүүхэлдэйн кино хийж, томоогүй, улаан үст Ариэлийг бидний сэтгэлд хоногшуулсан билээ. Тэгвэл тус компани энэхүү амжилттай төслөө бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр дэлгэцнээ дахин амилуулж, өнөөдөр дэлхийн нээлтээ хийж байна.

2000 онд Америкт төрсөн, дуучин, жүжигчин Халле Бэйли лусын дагинын дүрд тоглох болсон тухай мэдээ анх цацагдахад олон улс даяар багагүй шуугиан дэгдэж байлаа. Тэрээр анх найман настайгаасаа “Chloe x Halle” нэрээр эгчтэйгээ хослон дуулж, Youtube дээр бичлэгээ байршуулснаар алдарт дуучин Бейонсегийн хараанд өртөж, улмаар түүний ментий болсон юм. Тэд 2018 онд “The ​​Kids Are Alright”, 2020 онд “Ungodly Hour” цомгоо гаргасан бөгөөд хамтдаа Грэммигийн таван шагналд нэр дэвшсэн билээ. Жүжигчний хувьд телевизийн шоунд туслах дүр бүтээж байсан маруухан туршлагатай түүний дурлалт залуу Эрик хунтайжийн дүрд "The X Factor" шоунаас төрөн гарсан од Харри Стайлс тоглоно хэмээж байсан ч Английн жүжигчин Жона Хауэр-Кинг тоглосон юм. Харин хорон санаат, хагас наймаалжин Урсулаг инээдмийн жүжигчин Мелисса Маккарти, лусын хааныг Испани жүжигчин Хавьер Бардем нар бүтээжээ.

Ариэл бол сэрээгээр үсээ самнаж болдог гэдгийг гэрчилсэн Диснейн хамгийн сахилгагүй, зоригтой гүнж нарын нэг билээ. Ийнхүү найруулагч Роб Маршаллын хувилбараар бүтсэн энэхүү фантастик, хөгжимт төрлийн уран сайхны киноны нээлт дэлхийтэй зэрэгцэн Монголд ч өнөөдрөөс эхлэн өргөн дэлгэцээр гарах бөгөөд албан ёсны трейлерийг эндээс хүлээн авч үзнэ үү.

Buro.Mongolia

2023-05-26, 14:01