HBO суваг Арья Старкын адал явдлаар тусдаа цуврал хийхгүй гэдгээ мэдэгджээ

Гэхдээ өөр хэд, хэдэн спин-офф гарна

"Game of Thrones" төгсөхөөс өмнө HBO суваг тус бүтээлээс сэдэвлэсэн хэд, хэдэн спин-офф цуврал бүтээхээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Харин шүтэн бишрэгчид цувралын сүүлчийн ангийг үзсэний дараа тэдгээр спин-офф бүтээлүүдийн нэг нь зөвхөн Арья Старкын адал явдалд төвлөрнө гэдэгт итгэлтэй байсан юм.

Эргэн сануулахад (Спойлероос болгоомжил!) төгсгөлийн ангид Арья усан онгоцонд суун баруун зүгт буюу газрын зурагт тэмдэглэгдээгүй газар нутгийг чиглэн оддог. Тэгвэл HBO сувгийн хөтөлбөр хариуцсан захирал Кейси Блойс шүтэн бишрэгчдийн энэ найдварыг үгүй хийлээ. Тэрээр "Үгүй, үгүй, үгүй. Би 'Game of Thrones'-ыг бие даасан бүтээл байгаасай гэж хүсэж байна. Би энэ ертөнцийн баатруудыг авч, өөр хэн нэгний бүтээх гэж буй ертөнц рүү шилжүүлэхийг хүсэхгүй байна" хэмээн The Hollywood Reporter сэтгүүлд ярьжээ. Мөн Жорж Р.Р. Мартин өмнөх дүрүүдээ дахин ашиглах шардлаггүйгээр шинэ баатрууд нэмж болох хэмжээний аварга том ертөнц бүтээсэн гэдгийг Блойс онцолсон байна.

Түүнчлэн зарим шинжээчид жүжигчин Мэйси Уильямсыг Арья Старкын дүрд тоглуулах нь HBO сувагт хэт өндөр үнэтэй тусна гэж үзжээ.

Дашрамд дурдахад "The Long Night" (Урт шөнө) нэртэй спин-офф цувралын эхний ангийн зураг авалт зургаадугаар сард эхлэх болно. Уг бүтээлд Game of Thrones"-д гардаг үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө болсон түүхийг үзүүлэх юм. Жишээ нь Вестеросын Алтан үеийг харуулж мөн цагаан үхдэлүүд хэрхэн үүссэн тухай дэлгэнэ. Одоогийн байдлаар Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн жүжигчин Наоми Уоттс цувралын гол дүрд тоглох нь тодорхой болсныг бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Buro.Mongolia

2019-05-28, 18:02

  • Зураг: