Попкорн-Оскар: Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол шинэ номинаци нэвтрүүллээ

Үзэгчдийг татахын тулд хэд, хэдэн шинэчлэлтийг хийж байна

Хэрэв өмнө нь дуртай кинонууд тань Оскарын шагналд нэр дэвшихгүй байгаад та бухимддаг байсан бол одоо энэ байдал эрс өөрчлөгдөхөөр болж байна. Одооноос эхэлж Америкийн кино академи буюу бидний хэлж заншсанаар Оскарын наадам хэд, хэдэн чухал шинэчлэлтүүдийг хийж буйгаа албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан зарлалаа. Тодруулбал зохион байгуулагчид Оскарын наадамд "Олны таашаалд нийцсэн шилдэг кино" (Best popular film) гэх шинэ номинацийг нэмэхээр болжээ.

Ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Оскарын наадмын үзэгчдийн тоо эрс буурч, рейтинг нь унасантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Жишээ дурдахад өнгөрсөн Оскарын наадам бүх цаг үеийн түүхэндээ хамгийн муу рейтингтэй (ердөө л 26,5 сая үзэгчтэй) байсан гэх үзүүлэлт гарсныг дурдах нь зүйтэй. Мөн The Hollywood Reporter-ын сэтгүүлчид энэхүү шинэ номинацийг хүмүүс аль хэдийнэ "Попкорн-Оскар" хэмээн нэрлээд байгаа хэмээн онцолж байна. Гэсэн хэдий ч уг номинацид нэр дэвших блокбастерууд олон тооны шинэ үзэгчдийг татна гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм. Ингээд ч зогсохгүй энэхүү шинэ номинацид нэр дэвшсэн бүтээлүүд наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд өрсөлдөх боломжтой болжээ.

Түүнчлэн Оскарын наадмын рейтингийг өсгөхийн тулд зохион байгуулагчид ёслолын форматанд бага зэргийн өөрчлөлт оруулсан байна. Одооноос эхлээд шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор дөрөв бус гурван цагийн хугацаанд дэлгэцээр дамжуулагдах бөгөөд энэ нь ч үзэгчдэд илүү амар байх болно гэж тэд үзэж байгаа юм. Сонирхуулахад сурталчилгааны үеэр зарим нэг шагналыг гардуулснаар зохион байгуулагчид ийнхүү ёслолын цагийг богиносгож байгаа аж.

Buro.Mongolia

2018-08-09, 18:00

  • Зураг: