Соёлын Яам Кембрижийн Их Сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвтэй хамтран ажиллана
Хамгийн эртний гурван их сургуулийн нэг буюу 1209 онд байгуулагдсан Кембрижийн их сургууль нь 31 коллеж, 100 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, үе үеийн төрийн тэргүүнүүдээс эхлээд Нобелийн шагналтнуудыг бэлдсэн дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын нэг. Харин энэхүү нэр хүндтэй их сургуульд Монгол, Дотоод Ази судлалын төв (MIASU) 1986 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, монголчуудын зан заншил, нийгэм, түүх соёлын онцлогийг гүн гүнзгий судалж байна.
Төв азийн нүүдэлчин Монголчууд эртнээс өөрсдийн төрт улсыг цогцлоон бүтээж, язгуур мэдлэг, өв ухааныг уламжлуулан өвлүүлсээр ирсэн билээ. Иймд Соёлын Яам монголчуудын нийгэм соёлын ертөнцийг судлах, сурталчлах, дэлхийн монгол судлалыг хөгжүүлэх, эрдэмтдийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой Чингис Хааны нэрэмжит судалгааны грантыг олгохоор боллоо.
Уг төслийг хүрээнд Соёлын Яам Кембрижийн Их Сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвтэй таван жилийн турш хамтран ажиллаж, энэ хугацаандаа судлаач нарыг бэлдэх, монгол судлаач нарын чадамжийг дээшлүүлэх, Монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг илүү өргөн цар хүрээтэйгээр хийх боломж олгох зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр Монгол судлалын эрдэмтэн судлаачдыг Кембрижэд авчирч судалгаа шинжилгээний ажил хийлгэх, монголын соёл судлалыг хөгжүүлэх ажил илүү далайцтай хийгдэх үлэмж ач холбогдолтой.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин 2023 оны арваннэгдүгээр сарын 23-нд Кембрижийн их сургуульд хүрэлцэн ирж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Кембрижийн Их Сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн удирдлагууд, оюутан, судлаачидтай уулзан тэдний ажилтай танилцсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт