Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Ямар нарны шил зүүх вэ?: 2024 оны чиг хандлага
Хэзээ ч эрэлтээс гардаггүй аксесуаруудын нэг болох нарны шил сүүлийн улирлуудад загварынхны анхаарлыг улам татаад буй. Учир нь office siren буюу оффис хувцаслалтын трендээс эхлэн 1990-ээд оны минимализм зэрэг загварын ертөнцийг донсолгож эхэлсэн хэв маягийн дэд урсгалуудад нарны шил томоохон байр суурь эзэлж байгаа юм. Үүнээс гадна улирал солигдох тоолонд дизайнерууд энэхүү аксесуарыг шинэ силуэт, өнгө, хэлбэртэйгээр урлаж бүтээлч байдлаараа уралддаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 2024 оны зун ямар нарны шил тэргүүлэхийг харцгаая.
Загварын түүхийн хуудсанд тэмдэглэгдээд 100 орчим жилийн нүүрийг үзэж буй авиатор хэлбэртэй нарны шил чимхлүүр детальтайгаар хувьссаар байгаа билээ. Энэ удаагийн загварын долоо хоногоор тэгвэл Saint Laurent-ы харуулсан авиатор шил цойллоо. Загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло үүнийг хүрээ хэсэг нь шилнээсээ хөндийрсөн мэт бүтээлч байдлаар урлажээ.
Футуристик бөгөөд басхүү этгээд төрлийн загварын урсгалд Демна Гвасалиа гаргууд нэгэн. Тиймээс нарны шилний өвөрмөц загварууд сонирхдог бол түүний санал болгож буй хувилбарыг анхааралдаа аваарай. Демна энэ удаа элдэв оруулга болон тоноглолгүй нэг материалаар дагнасан, хамрын хэсэг нь шовх загварыг цуглуулгадаа багтаажээ.
Олон төрлийн нүүрний хэлбэрт зохицдогийн сацуу зуны хувцаслалттай тохирдог нарийхан хүрээтэй шилийг Versace, Celine, Givenchy, Moschino гэхчлэн олон брэндүүд толилуулснаас Gucci-гийн бүтээлч захирлын албыг залгамжлаад удаагүй байгаа Сабато де Сарногийн бүтээсэн хувилбар бидний харцыг булаалаа. Энэхүү загвар нь трендүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хүрэн өнгийн хүрээтэй гэдгээрээ ялгарч байна.
Бүтээлч захирал Ян Гриффитсын цуглуулгадаа багтаасан нарны шилнүүд ягаан болон ногоон гэсэн өнгөлөг загвартай тул зуны улиралд тун тохиромжтой. Тэрээр шилнийхээ хүрээ хэсэгт жижиг тоноглол шигтгэж ерөнхий шинжийг нь илүү сонирхолтой болгожээ.
Шинэ чиг хандлагуудыг ар араас нь дэлгэрүүлж буй Miu Miu брэнд өөрсдийн толилуулсан тунгалаг шилийг сулавтар силуэттэй пиджак болон сорочкан цамцтай хослуулж энгийн мэт аксесуарыг онцгой болгон тодотгожээ.
Монохром стайлингийн аргачлал хэрэгжүүлэх дуртай хүмүүст төрөл бүрийн өнгийн туяатай нарны шилнүүд таалагдах нь гарцаагүй. Тэгвэл Fendi хүмүүсийн харилцан адилгүй сонирхолд нийцэхүйц ягаан, шар, ногоон зэрэг өнгө өнгийн нарны шилийг санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт