Burberry, хавар-зун 2019 цуглуулга

Рикардо Тишигийн "Хаант улс"

Рикардо Тиши Burberry брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцууллаа. "Хаант улс" хэмээн нэрлэгдсэн энэхүү цуглуулга ажил хэрэгч байдлыг илтгэх дэгжин загвар, шинэ мянганыханд зориулсан чөлөөт хувцас болон гоёлын даашинзуудаас бүрджээ.

Дизайнер Рикардо Тиши цуглуулгыг бүтээхдээ тэнцвэртэй байдлыг хадгалж, хэн бүхэнд зориулсан хувцас урлахыг зорьсон нь тодорхой харагдаж байлаа. "Бид гудамжны загварын хөгжилд анхаарал хандуулах үедээ чамин тансаг байдал болоод тэйлор хийцийн тухай мартах тохиолдол байдаг" хэмээн ярилаа.

Сонгодог загварын тренч цув, арьсан материалтай харандаа хэлбэрийн юбка, поло цамц, шинэ монограм хээ бүхий торгон цамц, өргөн загварын өмд зэрэг ажил хэрэгч загварууд цуглуулгын эхний хэсэгт багтжээ. Тиши эдгээр загваруудыг урлахдаа брэндийн сан хөмрөг болоод хатагтай Маргарет Тетчерийн хувцаслалтаас бүтээлч санаагаа авсан гэнэ.

Харин шинэ мянганыханд зориулсан цуглуулгын хоёр дахь хэсэгт борооны цув, гялгар материалтай хүрэм, амьтны хээтэй спорт хослол, цув зэрэг загварууд багтсан байлаа.

Үндсэн элементүүд: Шинэ монограм хээ, 1980-аад оныг санагдуулам хослол, савхин материал, поло цамц, харандаа хэлбэрийн юбка, том загварын хүрэм, тренч цув, футуристик материал

Үндсэн өнгөнүүд: Завсрын өнгө, улаан ба хүрэн өнгө

Стилистик аргачлалууд: Нэг төрлийн өнгөөр дагнах, корсет загварын бүсийг цуван дээр зүүх, олон давхарлах аргачлал

Аксесуар: Ажил хэрэгч гар цүнх, паска цүнх, футуристик загварын нарны шил, корсет загварын бүс

Нүүр будалт ба үс засалт: Байгалийн будалт, нямбай самнасан үс

 

Buro.Mongolia

2018-09-18, 10:21