Burberry, pre-fall 2019 цуглуулга

Рикардо Тишигийн хоёр дах цуглуулга

Хэдхэн хоногийн өмнө Burberry брэнд сэтгэл хөдөлгөм зул сарын сурталчилгаа цацаж биднийг гайхшруулсан бол, энэ удаад гайхалтай зохиомж бүхий зураг авалттай шинэ цуглуулгаа танилцууллаа. Энэ нь Рикардо Тишигийн Burberry брэндэд зориулсан хоёр дах цуглуулга юм. Гудамжны болон спорт хувцас, тэйлор хослол, гоёлын даашинз, ажил хэрэгч загваруудаас бүрдэх энэхүү цуглуулга нас, насны маш өргөн хүрээний хэрэглэгчдэд зориулагдсан болох нь илт харагдлаа.

Ажил хэрэгч эмэгтэй загваруудад арьсан оруулга бүхий хослол, торгон алчуур мэт харагдах сорочка, төмөр чимэглэлтэй хүрэм гэх сонирхолтой элементүүдийг зоримгоор шингээж өгсөн бол, эрэгтэй загварт тэйлор хослол ба сонгодог хүрэм давамгайлжээ.

Харин шинэ мянганыханд зориулсан гудамжны аястай хувцаснуудад орчин үеийн хэв маягтай "дафл" загварын хүрэм, үзэмжгүй пүүз, амьтны хээтэй кет, бэлтгэлийн хослол, монограм хээтэй футболка багтсан байлаа. Өнгөний хувьд Burberry загварын ордны илэрхийлэл болсон beige, хар, цагаан, улаанаас гадна тод улбар шар өнгө давамгайлжээ.

 

Buro.Mongolia

2018-11-22, 16:02