Бюро 24/7 тойм: Balmain, resort 2020

#MeToo хөдөлгөөнд талархал илэрхийлсэн цуглуулга

Balmain загварын ордны бүтээлч захирал Оливье Рустен 2020 оны аяллын цуглуулгад зориулан Хойд Америкийг санагдуулам өнгө аястай загварууд урлажээ. Ковбой малгай, комбинзон, цацагтай хүрэм, хээ угалзаар баяжуулсан нөмрөг, график хээтэй даашинз зэрэг загварууд багтсан шинэ цуглуулгаараа дамжуулан дизайнер #MeToo хөдөлгөөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

"#MeToo хөдөлгөөний ачаар эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдээд зогсохгүй эрчүүд ч бас хүйсийн чиг баримжаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой боллоо. Урьд өмнө нь эр хүн дотоод сэтгэлдээ эмэгтэйлэг байдал мэдрэхийг эсэргүүцдэг байсан бол өнөө үед энэ нь тэдний бахархал болж байна. Энэхүү цуглуулгадаа гялалздаг чимэглэл, хатгамлаар чимэглэсэн эрэгтэй хүрмийг урласан байгаа. Учир нь хатгамал зөвхөн эмэгтэй хүнд зориулагдаагүй. Эрчүүд ч гэсэн үзэсгэлэнтэй харагдах эрхтэй" хэмээн эрэгтэй загваруудын тухай Оливье Рустен тайлбарлажээ.

Харин эмэгтэй загваруудыг урлахдаа Balmain брэндийн үйлчлүүлэгч нарын амьдралын хэв маягаас бүтээлч сэдэл авсан ба ингэхдээ нимгэн ноолууран даашинз, орчин үеийн уур амьсгалтай твид хүрэм, цэрэг армийн өнгө аястай хүрэм зэрэг загваруудыг урласан байна.

 

Buro.Mongolia

2019-06-12, 16:30