Бюро 24/7 тойм: Christian Dior, намар-өвөл 2019

Орчин цагийн "Тедди охид"

Dior загварын ордны намар-өвөл 2019 шоу уламжлал ёсоор Парис хотын Родены музейд зохион байгуулагдлаа. Цуглуулга бүртээ эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, феминизмийн тухай асуудлыг зоримгоор хөнддөг Мария Грация Кьюри энэ удаад Америкийн Феминист зохиолч Робин Морганы "Sisterhood Is Global" зохиолоос эш татсан загварууд болон 1950-аад оны үед Их Британид дэлгэрч байсан "Тедди охид" хэмээх соёлын хөдөлгөөнөөс сэдэвлэсэн загваруудыг урлажээ.

Тедди охид бол рок-н-ролл хөгжимд дурлагч, денди стильтэй буюу хослол, эрэгтэйлэг хүрэм зэргээр гоёх дуртай дайны дараах үеийн нийгмийн хатуу ширүүн байдлыг эсэргүүцэгч, ажилчин ангийн залуу охид байсан ба Их Британийн соёлын түүхэнд Тедди залуусыг чухалчлан авч үздэг.

Эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг өдөөсөн энэхүү цуглуулгад ноолууран хослол, сонгодог загварын хүрэм, пончо буюу нөмрөг, өвдөг давсан урттай юбка, ноосон материалтай сорочка, савхин цув, тартан хээтэй хослол зэрэг эрэгтэйлэг, спортлог хэв маягтай загварууд түлхүү багтсан ба Мария Грация Кьюригийн илэрхийлэл болох бэлхүүс тодотгосон бүс, Toile de Jouy хээ, торон даашинз, нарийн мөртэй загварууд ч бас шингэжээ.

Buro.Mongolia

2019-02-28, 12:25