Бюро 24/7 тойм: Ralph Lauren, хавар-зун 2017

«See now, buy now» бизнес бодлогын дагуу

Хоёрдугаар сарын 9-ноос 17-ны хооронд үргэлжилсэн Нью-Йоркийн эмэгтэй загварын долоо хоногийн хүрээнд ихэнх брэндүүд намар-өвөл 2017 улирлын цуглуулгаа танилцуулсан бол алдарт дизайнер Ральф Лорен «see now, buy now» концепцийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар шийдэж, хавар-зун 2017 цуглуулгаа дэлгэлээ. Үүнтэй холбогдуулан тэр тайзан дээр гарсан шинэ загваруудыг шоу дуусмагц брэндийн зарим дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.

Ralph Lauren брэндийн загварын шоу хаврын улирлыг илтгэх дулаан ба гэгээлэг уур амьсгал бүрдүүллээ. Сүүн цагаан ба цайвар шар өнгө давамгайлсан тайзыг зуу гаруй мянган цахирмаа цэцэг чимсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Шинэ цуглуулгад ч бас ижил төрлийн цайвар өнгөнүүд ноёрхсон бөгөөд ихэнх загварууд Эртний Египетийн сафари хэв маягаар хийгдсэн харагдлаа. Олон тооны халаастай сул эсгүүртэй комбинзон, атлас материалтай өргөн өмд, минимал загвартай намирсан даашинз, энгийн коовт, том хэмжээтэй гоёл чимэглэл, амьтдын хээ гэх зэрэг элементүүдээс бүрдэх дизайнер Лорены хөгжүүлсэн дорнын сэдэв орчин үеийн их хотын уур амьсгалтай уусч байлаа.

Үндсэн элементүүд: Атлас материалтай намирсан даашинз, өргөн брюк өмд, сүлжмэл кардиган, савхи ба илгэн хүрэм

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан үс, nude нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Цайвар шар, бор, алтан шар, хар

Стилистик аргачлалууд: Нэг өнгийн хувцаслалт, нэг сэдвийн нэгдмэл загварууд

Аксесуар: Аварга том алтан хүзүүний зүүлт, арьсан материалтай өргөн бүс, амьтдын хээтэй гар цүнх

Бүтээлч санааны эх үүсвэр: Эдвин Лонгийн "Preparing For The Festival Of Anubis" уран зураг, сафари хэв маяг, Эртний Египетийн гоёл чимэглэлүүд

 

 

Buro.Mongolia

2017-02-20, 17:30