Хавар-зун 2020 улирлын загварын долоо хоногийн хүрээнд Миланд халуун орны ширэнгэн ойгоос санаа авсан загварууд давамгайлсан бол Парист ч мөн байгаль, ой модны сэдэв үргэлжлэх бололтой. Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри амьд моддоор чимэглэн тохижуулсан орчинд байгалийн өнгө аястай тосгоны цэцэгчдийг санагдуулам хэв маягтай шинэ цуглуулгаа танилцууллаа. Гэхдээ энэ бүх санааг гаргахад Кристиан Диорын охин дүү Катерин Диор чухал нөлөө үзүүлжээ. Катерин Диор нь Дэлхийн II Дайны үед Германы армийн тухай мэдээлэл цуглуулдаг нууц бүлгийн гишүүн байсан бөгөөд 1944 онд баригдан Равенсбрюк дахь эмэгтэйчүүдийн хорих лагерь луу ачигдаж байсан түүхтэй нэгэн юм. Харин хожим нь тэрээр цэцэг тарьж дайны тухай уй гашуугаа мартсан гэдэг. Кристиан Диор дүүгийнхээ дурсгалд зориулан зэрлэг сарнай болон бусад цэцэгсийн охь ашиглан "Miss Dior" хэмээх алдартай сүрчгээ зохион бүтээсэн байдаг.
Дөрвөлжин эсгүүртэй хүрэм, хатгамлаар чимэглэсэн сүрлэн даашинз, богино шоорт, конбинзон, жийнсэн хослол, espadrille буюу сүрлэн ултай сандаал нь биед тухтай атлаа чамин зүйлсээр баялаг цуглуулгыг бүрдүүлжээ. Түүнчлэн дизайнер Мария Грация Кьюригийн гарын үсэг болсон нимгэн торон даашинзууд ч бас энэ удаагийн цуглуулгад багтсан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт