Мини юбка, сул загварын пиджак, ил гарсан дотуур хувцас болон бусад
Miu Miu загварын ордны бүтээлч захирал Миучча Прада хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан консерватив хэв маягтай ажил хэрэгч загваруудыг 2000-аад оны цоглог стильд оруулан харуулж байсан. Тэгвэл Миучча тус концепцоо шинэ намар-өвөл 2022 цуглуулгадаа ч бас шингээсэн байв. Гэхдээ энэ удаад тэрээр дан ганц офис стиль дээр төвлөрөөд зогсохгүй ковбой, богем болон бага зэрэг хиппи загварын хувцас урлаж, сонирхолтой байдлаар загварчилсан байна. Тухайлбал, цуглуулгад багтсан сүлжмэл даашинз, давхар тэлээтэй арьсан өмд, могойн арьсан хээтэй юбка, үслэг захтай хүрэм, оломтой түрийтэй гутал зэргээс цуглуулгын өнгө аяс мэдрэгдэнэ.
Стилистик аргачлалын хувьд 2000-аад онд өндөр эрэлттэй байсан дотуур хувцасныхаа дээд хэсгийг ил гаргах чиг хандлагыг хэрэгжүүлж, ингэхдээ зөвхөн нарийн g-string загвар биш, харин атласан материалтай боксер стилийн дотуур хувцас сонгожээ.
Түүнчлэн бүтээлч захирал 2008 оноос хойш зогсонги байсан эрэгтэй хувцасны хэсгээ эргэн сэргээсэн байв. Миучча эрчүүдэд зориулан намхан суудалтай шоорт, арьсан өмд, ноосон цамц зэргийг урлаж, тэдгээр загвараа хүйсгүй хэмээн тодорхойлсон бөгөөд эрэгтэй загварууд ч гэсэн нарийн силуэттэй байх боломжтойг харуулахыг зорьсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт