Хавар-зун, 2022: Proenza Schouler брэндийн хэний ч төсөөлөмгүй цуглуулга

2020 он бол загварын салбарт маш олон шинэ үйл явдал авчирсан жил юм. Эдгээрийн нэг нь цар тахал дэгдсэний улмаас загварын орднууд өөрсдийн цуглуулгаа хаалттай хэлбэрээр эсвэл бичлэгээр дамжуулсан явдал байлаа. Жишээ нь тухайн үед Proenza Schouler цуглуулгаа зөвхөн лүүкбүүкээрээ толилуулж загварын долоо хоногт нэлээд даруухан оролцсон юм. Тэгвэл энэ удаа брэндийн бүтээлч захирлууд Жек Маккалоу, Лазаро Эрнандес нар томоохон шоуг өргөн хүрээнд зохион байгууллаа.

Жек, Лазаро нар Хавайн Кауаи арал дээр өнгөрүүлсэн амралтын өдрүүдээсээ сэдэвлэн хавар-зун 2022 цуглуулгаа бүтээсэн байна. Үүний үр дүнд Proenza Schouler брэндийнх гэж хэлмээргүй өнгөлөг загварууд тайзыг эзэгнэсэн харагдлаа. Бүтээлч захирлууд хар биш улаан өнгийг сонгож, меланхолик биш харин поп-арт орчинг бүрдүүлж, үүгээрээ брэндийнхээ өнгөлөг талыг нээн таниулсан юм. Ингэхдээ тэд загваруудынхаа силуэтийг өөрчлөөгүй бөгөөд oversize гадуур хувцаснууд, бие барьсан, ноосон даашинзууд, бэлхүүс гаргасан пиджакууд, геометрийн дүрстэй хайчилбарууд болон намирсан даашинзуудыг цуглуулгадаа оруулжээ.

Цуглуулгаас нэгэн сонирхолтой деталь нүдэнд өртөж байсан нь дизайнерууд ноосон даашинз, цамцны ханцуй, тэр ч бүү хэл дугуйчны шоортыг хүртэл цацган эмжээрээр чимэглэжээ. Түүнчлэн моделиудын бүрэлдэхүүнийг шинэхэн ээж Жижи Хадид болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын дагавар охин Элла Эмхофф нар бүрдүүлсэн нь олны анхаарлыг татлаа.

Buro.Mongolia

2021-09-10, 10:09