Миланы загварын долоо хоног дээр хүн бүрийн анхаарлыг татсан онцлох 3 брэнд

Хүн бүрийн анхаарлыг татсан Versace

Versace ордны хавар-зун цуглуулгын загварын шоу эхэлсэн даруйдаа цахим орчныг шуугиулсан билээ. Тодруулбал, цуглуулгыг танилцуулах моделиудын бүрэлдэхүүнд Дуа Липа, Наоми Кэмпбелл, Эмили Ратаковски, Лурдес Леон гэх алдартнууд багтсанаар Донателла Версаче дахин дэлхийн анхаарлыг загварын ордондоо төвлөрүүлж чадсан юм. Загварын шоуг дуучин Дуа Липа нээсэн бөгөөд бэлхүүс хэсэгтээ хайчилбартай пиджак болон өнгө, өнгийн сүлбээрэн зүүгээр чимэглэсэн миди юбканы хослолыг өмссөн байлаа. Загваруудаа сүлбээрэн зүүгээр чимэглэх энэхүү аргыг анх Versace-ийн үүсгэн байгуулагч Жанни Версаче 1994 оны хавар-зун цуглуулгадаа ашиглаж байжээ. Түүнчлэн уг цуглуулгад яг л 1994 оных шиг латекс материалан даашинз, намхан суудалтай юбка, топ болон футболка давамгайлсан харагдлаа. Мөн бүтээлч захирал өөрийн нэрийн хуудас болсон медуза хээ, пижама загварын торгон хослолыг эрэгтэй болон эмэгтэй төрлөөр урласан нь онцлог болжээ.

Эмэгтэйлэг загваруудыг толилуулсан Prada

Хавар-зун 2022 улирлын Миланы загварын долоо хоног Prada ордны хувьд өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө. Учир нь энэ удаагийн загварын шоу нь бүтээлч захирал Раф Симонсын 2020 онд Prada брэндэд орсноос хойш зохион байгуулж буй анхны уламжлалт шоу билээ. Мөн уг арга хэмжээг нэгэн зэрэг хоёр хотод буюу Милан, Шанхайд зохион байгуулсан нь онцлог байсан юм.

Цуглуулгад яг л винтэж дэлгүүрээс авсан мэт харагдах савхин хүрэм, романтик атласан мини болон макси даашинз, цэцгэн хэлбэртэй торон юбка зонхилжээ. Мөн Миучча Прада, Раф Симонс нар улааныг улбар шартай, неон шарыг пастель ягаантай хослуулж сүүлийн үед ховорхон харагдсан өнгөний зохицлуудыг харуулсан нь сэтгэл сэргээж байлаа. Харин аксесуарын хувьд хавар-зуны тренд болоод буй тохойноос дээш зүүгддэг бугуйвч анхаарал татсан бөгөөд энэхүү загвараас Раф Симонсын өнгө аяс мэдрэгдэж байсан юм.

Анималистик хээ, болор чимэглэлээр дүүрэн Dolce & Gabbana 

Ямагт гял цал, баярын уур амьсгал бүрдүүлдэг уламжлалынхаа дагуу Dolce & Gabbana хавар-зун 2022 цуглуулгаа толилууллаа. Доменико Дольче болон Стефано Габбана нар 2000-аад оны хэв маягаас сэдэл аван энэ жилийн цуглуулгаа урласан бөгөөд олон төрлийн хээ, цацгуудаар чимэглэсэн нүд эрээлжлэм загваруудаар дүүрэн болгожээ. Мөн тэд хэзээ моданд орох нь тодорхойгүй байсан, хамгийн их хэл ам дагуулдаг загвар болон стилистистик аргачлалуудыг харуулсан нь зоригтой алхам болсон юм. Тухайлбал, өвдөг давсан карго загварын өмдийг цацгаар чимэглэсэн түрийтэй гутал болон мөр гаргасан сул футболкатай хослуулж, атласан миди даашинзыг доор энгэртэй майктай загварчилсан байлаа.

Buro.Mongolia

2021-09-27, 13:42