Моделиудаас гадна тэдний ээж, аав, эмээ, өвөө нь алхсан Collina Strada брэндийн загварын шоу

Collina Strada брэнд шинэ цуглуулгын загварын шоугаа Нью Йорк хотын тэнгэр баганадсан барилгын дээвэр дээр зохион байгууллаа. Загварын шоуны тайзыг дээвэр цэцэрлэгжүүлж, хүнсний ногоо тариалдаг Brooklyn Grange ферм хариуцан хийсэн бөгөөд байцаа, лууван болон бусад ногоогоор чимэглэсэн нь олны сонирхлыг татсан юм.

Цуглуулгад багтсан загваруудыг бүхэлдээ байгаль, хүрээлэн буй орчноос сэдэвлэн бүтээсэн ба цэцгэн хээтэй, давхар хормойтой даашинз, жимс, ногооны зурагтай хослолууд зонхилжээ. Мөн дизайнер сүүлийн үед моданд ороод буй даашинз, юбкаг өргөн өмдтэй хослуулах стилистик аргачлалыг хэрэгжүүлсэн байлаа. Аксесуаруудын хувьд мөчир хэлхсэн мэт оосортой цүнх, тэлээ, шүрэн зүүлт, бугуйвч болон бусад өнгөлөг загварууд багтжээ. Түүнчлэн шоунд зөвхөн моделиудаас гадна тэдний хүүхдүүд, ээж, аав болон эмээ, өвөө нар нь алхаж сонирхолтой бүрэлдэхүүнийг харуулсан юм.

Buro.Mongolia

2021-09-09, 15:09