Брэндийн нэрийн хуудас болсон зүймэл урлал
Zoson брэнд нь нарийн мэдрэмж шаардсан зүймэл урлал ашиглан Монгол үндэсний хэв маяг шингэсэн загваруудыг гаргадаг билээ. Энэ улирлын хувьд ч мөн тэд үндсэн хэв маягаа баримталж, загварын шоундаа үе үеийн топ моделиудыг урин алхуулсан байв. “Уг цуглуулгаа бид өөрсдийн нэрийн хуудас болсон зүймэл урлалаа ашиглан хийсэн. Ингэхдээ зүймэл урлалын нэг төрлийн block буюу тайрдас хээг (log cabin block) ашиглан загваруудаа гаргаснаараа онцлог болсон. Мөн энэхүү цуглуулгадаа бид илүү гоёлын өнгө аясыг шингээсэн” хэмээн брэндийн дизайнер Б.Шийлэгмаа шинэ цуглуулгынхаа талаар ярьсан юм.
Шоуг бэлхүүс хэсгээрээ бариу, цэцэгний дэлбээ бүхий детальтай, хар өнгийн макси даашинзаар нээж, эхний төрхөөсөө л шинэ жилийн уур амьсгалыг зочдод мэдрүүлсэн билээ. Дизайнер Б.Шийлэгмаагийн урласан даашинзууд хажуу талдаа оноотой, нэг мөр нь гарсан, Монгол захтай, гурвалжин энгэртэй зэрэг олон төрлийн силуэт, өнгө болон детальтай байсан бөгөөд гялалзсан материал нь дийлэнх загваруудыг тодорхойлох нийтлэг шинж чанар нь байлаа.
Дээл, хүрмийг ч мөн зүймэл урлал ашиглан урласан бөгөөд дийлэнх загваруудын ханцуй болон зах хэсэгт нь үслэг оруулга нэмж, маш их гар ажиллагаа шаардагддаг хатгамлуудыг оруулсан байв. Түүнчлэн дизайнер Б.Шийлэгмаа нь гоёлын даашинзыг дээлтэй хослуулсан шинэлэг стилистик аргачлалыг толилууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт