Ногоон өнгөний бүр ч олон туяаг толилуулсан Bottega Veneta брэндийн цуглуулга

Италийн Bottega Veneta загварын ордон Salon нэртэй төслийнхөө хүрээнд гурав дах загварын шоугаа АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод зохион байгууллаа. Эргэн сануулахад, энэхүү цуглуулгын нэгдүгээр хэсэг өнгөрсөн жилийн аравдугаар сард Лондон хотод зохион байгуулагдсан бол, хоёрдугаар хэсэг нь энэ оны дөрөвдүгээр сард Берлин хотын Berghain техно клубд болсон юм.

Энэ удаагийн шоуны хувьд Детройт хотын 4000 мянга гаруй хүний суудалтай Мичиган театр болжээ. “Би Детройт хотод маш их хайртай. Энэ газарт анх зургаан жилийн өмнө ирэхдээ анхны харцаар л дурласан. Учир нь Детройт хот АНУ-ын аж үйлдвэр хөгжсөн гол хотод тооцогддог. Харин миний төрж, өссөн Лидс хот мөн л Их Британийхаа аж үйлдвэрийн чухал газруудын нэг юм. Тиймээс энэ нь ямар нэг онцгой холбоо шиг санагддаг. Түүнчлэн уг газарт дуртай болсон бас нэгэн шалтгаан нь техно хөгжимтэй холбоотой. Би бага байхаасаа л техно урсгалын хөгжмийг сонссоор ирсэн бөгөөд Детройт бол тус урсгалын өлгийн нутаг гэж явдаг” хэмээн Bottega Veneta загварын ордны бүтээлч захирал Дэниел Ли шоуны байршлыг сонгох болсон шалтгаанаасаа дурдсан юм.

Дизайнер Дэниел Ли нь 2018 онд Bottega Veneta загварын ордны бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн брэндийг өөр өнцгөөс таниулж, гүн сэтгэгдэл үлдээсэн олон ажлуудын ард гарсан билээ. Тухайлбал, тэрээр ордны нэрийн хуудас болсон pouch загварын цүнх, дөрвөлжин хоншоортой өсгийтэй гутал болон аксесуаруудыг урласан юм. Salon 03 цуглуулгын хувьд Дэниелийн өмнө нь урлаж байснаас хамгийн спортлог загвартай нь болсон байлаа. Цагаан өнгийн теннисчины даашинз, сул силуэттэй саарал хослол болон борооны цув үүний нэг жишээ юм. Мөн Salon 03 цуглуулгад брэндийн алдарт тод ногоон өнгөнөөс гадна ногоон өнгөний бусад туяанууд, мөн нимбэгний шар, улбар шар болон цэнхэр өнгөнүүд орсон байна.

Buro.Mongolia

2021-10-28, 12:32