Нью-Йоркийн загварын долоо хоног: Tommy Hilfiger, хавар-зун 2017

Гол үйл явдал ба чиг хандлагууд

Tommy Hilfiger маркийн хавар-зун 2017 цуглуулга дээр ямар загварууд танилцуулагдсаныг сонирхоцгооё!

Tommy Hilfiger брэнд түрүү жилээс эхлэн нэг л сэдэвтэй загварууд бүтээж байна. Далайн уур амьсгалыг бүрдүүлэх трапеци өмд, дөрвөлжин захтай цагаан цамц, кюлот өмд, гүн цэнхэр өнгийн хүрэм, цэргийн өмсгөл зэрэг нь "Pre-fall 2016" ба "Намар-өвөл 2016" цуглуулгын аль алинд нь үзэгдсэн юм.

Харин хавар-зун 2017 улиралд зориулан Америкийн алдарт брэнд загвар өмсөгч Жижи Хадидтай хамтарсан тусгай төсөл бэлдлээ. Бас л далайн сэдэвтэй уг капсул цуглуулгын эхний хэсгийг тэд сарын өмнө олон нийтэд танилцуулаад авсан бол, хоёрдугаар хэсэг нь дөнгөж хоёр хоногийн өмнө Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдлээ. Шинэ цуглуулгын хамтарсан дизайнер Жижи Хадид өөрийн сэдсэн цэргийн хүрэм ба савхин өмдөөр гоёж, загварын шоуг нээсэн байгаа.

Цуглуулгаас хамгийн ихээр анхаарал татсан загваруудыг онцолж хэлбэл үүнд өргөн эсгүүртэй трапеци хэлбэрийн жийнсэн өмд, кардиган цамцнууд болон одон медальны хатгамалтай бомбер хүрмүүд багтана. Мөн жийнсэн комбинзон ба төрөл бүрийн хэмжээтэй савхин хүрмүүд цуглуулгад бага зэрэг гудамжны, cool өнгө аяс нэмж байлаа. Тайзан дээр гарсан бүх хувцаснууд загварын шоуны дараа брэндийн албан ёсны вебсайт tommy.com дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.

Buro.Mongolia

2016-09-12, 12:00

  • Зураг: