Эмэгтэйлэг, эрхэмсэг, нарийн мэдрэмжтэй ба цэмцгэр гэх үгнүүд Michel & Amazonka хавар-зун 2016 цуглуулгын “Paradise” загваруудыг тодотгоно
Бид бүтээлч эгч дүүсийн "Дондогдулам" гэх нэртэй, үндэсний хэв маяг тусгасан арван загварыг биширч ханаагүй байтал тэд хаврын цуглуулгынхаа хоёрдугаар хэсгийг дэлгэлээ. Энэ удаагийн загварууд эмэгтэй хүний гоо сайхан дээр төвлөрч, илүү романтик дүр төрхтэй болсон харагдана. Голдуу даашинз, юбка ба топоос бүрдсэн эдгээр 20 гаруй загвар нь өмнөх аравтайгаа харьцуулбал олон тоогоор гарах гэнэ. "Paradise" цувралын зурагнууд дээр хар цагаан өнгө давамгайлж, харин усан цэнхэр, ягаан ба хар хөх өнгөнүүд ховорхон үзэгдлээ. Загваруудын халаас, зах, хормой зэргийг чимсэн цэцгэн хээ, хатгамлууд нь эмэгтэйлэг мөн чанарыг төгс илтгэж байлаа. Орчлонг чимэхээр төрсөн бүсгүй хүнийг цэцэгнээс өөр юутай зүйрлэх билээ. Түүнчлэн дизайнерууд энгийн дүрсийг үндэсний хэв маягтай хослуулж, шинэ монгол төрх гаргаж ирэх зорилгоор торгон материал бүхий ханцуйтай богино даашинз, А хэлбэрийн юбка ба сул загварын богино хүрэм урлажээ.
Michel & Amazonka энэ хаврын цуглуулгаасаа эхлэн гутал ба цүнх бүтээж эхэлсэн. Энэ нь бүрэн, цогц брэндийн түвшинд хүрэхийг зорьж буй эрмэлзлэл дүүрэн буйн илрэл юм. Бид гутлын загваруудтай нь танилцаад амжсан болохоор энэ удаад цүнхийг нь сонирхлоо. Үндэсний хээ эсвэл цэцгэн наалттай хар өнгийн гоёлын клачууд цуглуулгын хувцаснуудтай адил гар ажиллагаа ихтэй болсон харагдана. Хар цагаан өнгөөр дагнасан тул ямар ч төрх дээр зохицохоор, сонгодог болж чаджээ.
Эцэст нь дизайнераас "Paradise" нэрийн утгыг асуухад, Ч.Мишээл "Нийгэмд өрнөж буй зүйлс их нөлөөлсөн. Бид өөрсдөө диваажинд амьдардаг хэрнээ тэр диваажингаа өөрийн гараар сүйрүүлж байна. Эх дэлхийгээ хайрлаж, сайн сайхан зүйл рүү тэмүүлж амьдрахсан гэх бодол тээж энэ загваруудыг бүтээлээ" гэсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт