PFW: Stella McCartney, хавар-зун 2016

Хуурамч үзэгдлийн театр

Стелла МакКартни шоуныхаа эхэнд сүлжилдсэн хээ оруулж, харин дараа нь маш хурдан хуурамч үзэгдэл рүү шилжсэн. Тэрбээр даашинзаа хамгийн тод өнгө болон гэрэлтдэг торон оруулгаар гоёжээ

Дизайнеруудын дунд оп-арт урсгал хэдийнэ ард хоцорсон. Бүхий л загварын тайзнаа ноёрхож байсан шоон хээ ч мөн зайгаа тавьж өгсөн. Харин Стелла МакКартни эргэлзэлгүйгээр SS 2016 шинэ цуглуулгадаа аль, алийг нь эргүүлэн авчирлаа. Өмнөх улирлуудын өнгөний хязгаартай байдлын дараа дизайнер арай өөр зүйл хийхээр шийджээ. Энэ удаад тэрбээр ногоон, улаан, цэнхэр болон шар гэх гол өнгөнүүд болон олон түвшний гэрэлтсэн байдлыг хар, цагаан өнгөөр сулруулж оруулсан байна.

Танилцуулгын дунд үед МакКартни нүд эрээлжлэх холилдсон хээнээс залхав уу гэлтэй, шоунд гэнэт хамгийн тайван өнгөтэй хэсгүүд гарч ирэв. Мэдэгдэхүйц урт болгосон хантааз, хүрмийг тэр сул, өргөн өмдтэй хослуулжээ. Мөрнөөс унах топ, цээж хэсэгтээ товчтой даашинз, жийнсэн хослол бас харагдлаа. Харин амар тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Эдгээр даашинз болон хослолууд тайзан дээр дахин шинэчлэгдсэн хувилбараар гарч ирсэн юм. Улаан хүрэн, хар өнгөн дээр зиг заг, цагираг, зүрх эсвэл зүгээр л замбараагүй мушгиралдсан зураас оруулжээ. Дараа нь эдгээр зүйлс өнгө өнгийн эсрэгцэлтэй гэрэлтсэн бас нягтралтай болж хувирна. Анх харахад маш нимгэн тор мэт харагдах материалтай даашинзны хэсгүүдэд Стелла МакКартни сүлжилдсэн хээний деталь оруулж, хил хязгаарыг нь улам томруулжээ.

Б.Амина

2015-10-07, 08:00

  • Зураг: