Зендая Tommy Hilfiger-тэй хамтарч цуглуулга бүтээхдээ эмээгээсээ бүтээлч санаа авчээ

Намар-өвөл 2019

Есдүгээр сарын 8-нд Нью-Йоркийн Apollo театрын дэргэд дуучин ба жүжигчин Зендая болон Tommy Hilfiger брэндийн хамтарсан загварын шоу болж өнгөрлөө. Тус цуглуулга нь see now, buy now форматтай тул шинэ загварууд шоу өндөрлөсөн даруйд брэндийн вебсайтаар худалдаалагдаж эхэлсэн байгаа.

Намрын цуглуулга бүхэлдээ 1970-аад оны хэв маягаар хийгдсэн бөгөөд тухайн үеийн гол трендүүд болох могой, ирвэс, галууны хөл ба бөмбөлгөн хээнүүд нь цуглуулгын үндсэн деталь болж өгчээ. Дизайнер Томми Хилфигер эдгээр хээнүүдээр өргөн бүстэй эрэгтэйлэг пальто, үслэг хүрэм, урт цув, хагас гэрэлтсэн материалтай даашинз, нимгэн цамц, хүзүүний ороолт, өвдөг давсан юбка ба ажил хэрэгч хослол зэрэг загваруудыг чимсэн байлаа. Цуглуулгад мөн савхи болон хамба хилэн материалтай загварууд их оржээ.

"Эмээд маань ийм төрлийн хувцаснууд их байдаг байсан. Бид цуглуулга дээр ажиллахдаа түүний хувцасны шүүгээнээс бүтээлч санаа авсан байгаа. Энэ цуглуулга бол 1970-аад онуудын тухай миний төсөөлөл юм" хэмээн Зендая тайлбарлалаа.

Хилфигерийн хувьд ч бас 70-аад он нь чухал ач холбогдолтой үе аж. Дизайнер яг тэр үед өөрийн хамгийн анхны хувцасны дэлгүүрээ нээж байжээ.

"Зендая надад 70-аад оны стильтэй цуглуулга бүтээмээр байна гэж хэлэх үед миний арьсны үс босох шиг л болсон. Учир нь энэ нь миний эрин үе шүү дээ. Тухайн үед хүмүүс ямар эсгүүр, ямар материалаар хувцасладаг байсныг би сайн мэднэ. Бид тэр үеийн хувцсыг илүү орчин үеийн уур амьсгалд оруулснаар энэ цуглуулгыг бүтээсэн" хэмээн Томми Хилфигер сэтгэгдлээ хуваалцлаа.

Buro.Mongolia

2019-09-10, 10:00