Бюро24/7 Хозе Невештэй ярилцлаа
Хозе Невешийн үүсгэн байгуулсан Farfetch онлайн тавцан өдрөөр бус цагаар хөгжиж байна. Тэрбум долларын бизнес босгож чадсан Португалийн IT салбарын мэргэжилтэнг GQ сэтгүүл зүгээр ч нэг "загварын ертөнцийн Стив Жобс" хэмээн нэрлээгүй юм. Түүний үүсгэн байгуулсан Farfetch тавцан аль хэдийнэ 26 орны 350 гаруй брэндтэй хамтарч ажиллаж байна.
Тэгвэл одоо тус компани Дорно зүгийг зорьж, БНХАУ-ын хэрэглэгчдийн анхаарлыг татах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг Азийн томоохон компани болох JD.com вебсайттай хамтран ажиллах болсон гэсэн мэдээлэл цацагдсаны дараахан бид Хозе Невештэй уулзаж ярилцлаа.
Таны загварын ертөнц дахь карьер хэзээ эхэлсэн бэ?
Би хамгийн анх 1994 онд загварын бизнестэй танилцсан юм. Тухайн үед би оюутан байсан бөгөөд эдийн засгийн мэргэжлээр суралцаж байлаа. Яг тэр үед л би Португалийн загварын компаниудад зориулсан Grey Matter нэртэй хамгийн анхны программ хангамжийн старт-ап компанийг үүсгэн байгуулж байсан юм.
Харин 1996 он гэхэд би өөрийн гэсэн гутлын загвар зохион бүтээж, Swear нэртэй марк үүсгэн байгуулсан бол хэсэг хугацааны дараа Лондон руу нүүж, 2001 он гэхэд b-Store онлайн дэлгүүрийг нээж байсан юм. Одоо энэхүү хоёр брэндийг SIX London нэртэй бөөний худалдааны компани төлөөлж байна. SIX London компани лиценз олгож, худалдаа хийхийн зэрэгцээ Swear, b-Store болон бусад олон брэндийг удирдаж байгаа.
Farfetch тавцан Browns сүлжээ дэлгүүрийг худалдаж авсан шүү дээ. Та энэхүү анхны томоохон худалдан авалтынхаа талаар ярихгүй юу.
Бид Browns сүлжээтэй түншийн харилцаатай байсан юм. Тухайн үед би технологийн дэвшлийг ашиглан тансаг зэрэглэлийн бутик болон онлайн ертөнцийг хооронд нь холбосон мөн Farfetch-ийн хөгжлийн бодлогын нэгэн хэсэг болсон "Ирээдүйн дэлгүүр" нээх маш урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байсан юм. Энэ үйл явц дунд л Browns-ыг худалдан авах шийдвэр гарсан. "Ирээдүйн дэлгүүр" нь худалдан авагчдын талаарх бүх мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалдаг үйлдлийн систем юм. Энэхүү системийн тусламжтай дэлгүүрүүд хэрэглэгчдийн худалдан авалтын түүх, биеийн хэмжээ зэрэг олон хэрэгцээтэй мэдээллүүдийг ашиглах боломжтой болж байна.
Миний төлөвлөгөөгөөр бол Browns 2017 оны сүүлээр анхны "Ирээдүйн дэлгүүр"-ээ нээх болно. Мөн энэ үеэр Нью-Йорк дахь Thom Browne дэлгүүр ч гэсэн үүнийг хэрэгжүүлж эхэлнэ.
Ta Farfetch-ийг хэрхэн удирддаг вэ? Таны бизнесийн философи юу вэ?
Ямар ч компанийг дотор нь ажиллаж буй хүмүүс тодорхойлдог. Тиймээс өөрийгөө мөрөөдөгчид, шинэ санаа гаргадаг хүмүүс ба янз бүрийн улс үндэс, соёлоос гаралтай ажилтнуудаар хүрээлүүлэх нь миний философи. Хүн бүр өөрсдийн гэсэн дуу хоолойтой байх ёстой. Харин удирдагчийн ажил бол эдгээр дуу хоолойг олж сонсох юм.
Байгууллагын хөрөнгө оруулагчид, захирлуудын зөвлөл, менежерээс эхлээд хэрэглэгчтэй харилцдаг ажилтан хүртэл, компанийн соёл ба үнэ цэнийг мөрдөх ёстой. Харин энэхүү үнэ цэнэ нь компанийн ерөнхий чиглэлийг илтгэж байх хэрэгтэй юм. Ажилтнууд үүнийг ойлгож, үргэлж энэ үнэ цэнэ рүү тэмүүлж байх нь маш чухал.
Өнөөдөр компанийн тань бүтэц ямар байна вэ?
Одоогийн байдлаар үнэтэй хувцас худалдаалдаг Farfetch.com онлайн тавцан, онлайн арилжааны талаар зөвлөгөө өгдөг Farfetch Black & White үйлчилгээ болон техникийн дэвшилтэт шийдлээр онлайн ертөнц болон бодит байдлыг холбосон "Ирээдүйн дэлгүүр" системээс Farfetch Group бүрдэж байна.
Та өөрийн бизнесийн дүрмийн талаар хуваалцахгүй юу. Онлайн худалдааны салбарт та ямар хуулийг баримталж байна вэ?
Би нэгэн зэрэг загвар ба технологитой холбоотой бизнес эрхэлдэг хүний хувьд бизнесийн бүх үйл явцад оролцож, хийж буй зүйлээ олон өнцгөөс харах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог. Бидний бизнесийн модель маш онцгой, маш хурдацтай өсч, хөгжиж байгаа ч таван жилийн дараа гэхэд бусад ийм хэмжээний бизнесийн адилаар хуучирна гэдгийг би багийнхандаа үргэлж хэлдэг.
Тиймээс одоо байгаа зүйлээрээ хязгаарлагдахгүй байх нь миний дүрэм. Надад 5-10 жилээр түрүүлж харж, хэрхэн хүрээлж буй орчинтойгоо хамт өсч, хөгжихийг тодорхойлох нь сонирхолтой санагддаг. Бидэнд таалагддаг ч бай, үгүй ч бай өөрчлөлт үргэлж ирдэг. Би таван жилийн турш огт өөрчлөгдөхгүйгээр цэцэглэж байсан нэг ч технологийн бизнесийг харж байгаагүй.
Таны ямар хувийн шинж чанар өнөөдрийн байгаа өндөрлөгт тань хүргэсэн бэ?
Farfetch тавцан бол загвар ба технологийн нэгдэл юм. Миний бизнесийн амжилтанд энэ хоёр зүйл асар их хамааралтай. Загвар ба технологийн компаниудад ажилласан туршлага маань миний өнөөдрийн байгаа өндөрлөгийг бүтээсэн. Хоорондоо ийм өөр салбаруудыг аль алиныг нь маш сайн мэддэг хүнийг олоход амаргүй шүү дээ.
Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа маш болгоомжтой ханддаг. Тэгвэл загварын ертөнцийн томоохон компаниудтай хамтарч, улам бүр алдартай болж байгаа "influencer"-үүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Шинэ мянганыхан үе тэнгийхэнтэйгээ онлайнаар харилцах нь тэдний худалдан авалтын гол түлхүүр болдгийг бид судалгаагаар олж тогтоосон. Тиймээс миний хувьд энэ тренд гарч ирсэнд гайхах зүйл байхгүй. Залуу үеийнхэн бараг л цахим ертөнцөд амьдардаг учраас ямар нэг компанийн PR эсвэл сурталчилгаанаас илүү олон нийтийн сүлжээнд итгэдэг. Тэдний хувьд ямар нэг "influencer"-ийн зөвлөгөө төлбөртэй байсан ч хамаагүй маш чухал байдаг.
Farfetch одоо маш хурдацтай хөгжиж байна. Та энэхүү онлайн тавцангийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Бид тансаг зэрэглэлийн загварын ертөнц дахь цорын ганц тавцан байхыг хүсч байна. Бид одоогоор шинэ, тэр дундаа Хятадын зах зээлийг судалж байгаа. Тийм ч учраас бид JD.com вебсайттай бодлогын хүрээнд хамтарч байна.
Хятад бол тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний асар өндөр эрэлттэй, маш том зах зээл. Бидний Bain & Company компаниар хийлгэсэн судалгаанаас харахад энэ зах зээл ойролцоогоор 80 тэрбум доллараар үнэлэгддэг. Харин JD бол хятадын хамгийн том онлайн худалдааны компани юм. Саяхан тэд Farfetch тавцанд 397 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид хамтдаа маш онцгой технологи, тээвэр зууч, олон нийтийн сүлжээ болон JD-гийн нөөцийг ашиглан Хятадад цоо шинэ онлайн худалдааны тавцанг байгуулж байна. Ингэснээр бид JD компанийн технологи ба бидний мэдлэг дээр суурилсан бараа худалдан авах шинэ арга барилыг хятадын хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байгаа юм.
Farfetch-ийн бас нэгэн худалдан авалт болох Style.com ба Condé Nast сэтгүүлтэй хамтарсан тухайгаа хуваалцаач?
Яг одоогоор тодорхой зүйл хэлэхэд эрт байна. Ирээдүйд Style.com уншигчдаа Farfetch руу чиглүүлнэ гэдгийг л хэлж чадна.
Та өөр ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
Бид дөнгөж сая William Vintage бутиктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тэдний цуглуулгад Versace брэндийн 500 гаруй винтэж загварууд багтдаг. Эдгээр бүх хувцаснууд ирэх аравдугаар сард Farfetch дээр тавигдана.
Farfetch тавцан хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулдаг уу? Хэрэв тийм бол энэхүү мэдээллийг бизнесийнхээ хөгжилд хэрхэн ашигладаг вэ?
Манай тавцан энэ салбарын бусад ямар ч компаниас илүү мэдээллийг цахим сүлжээнд цуглуулдаг. Бид үүнийг зөвхөн маркетингийн бодлогоо төлөвлөх бус харин хэрэглэгчидтэйгээ харилцах харилцааг илүү амар бөгөөд үр дүнтэй болгох зорилгоор ашигладаг.
Бидэнд цуглуулсан мэдээллээ дүгнэж, харилцагч юу хүсч байгааг олж тогтоон, хэрхэн түүнд маш энгийн бөгөөд амар үйлчилгээ үзүүлэхийг тодорхойлдог том мэргэжлийн баг бий.
Та Мирослава Думагийн санаачилсан Fashion Tech Lab төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?
Энэ бол маш олон компаниудын хийхээр зорьж байгаа зүйл юм. Би Мирослава Думагийн хөдөлмөрийн үр дүнг тэсэн ядан хүлээж байна. Энэ төсөл манай салбарт тулгамддаг маш олон асуудлыг шийдэх боломжтой.
Онлайн худалдаа, технологи, эсвэл загварын салбарт өөрийн гэсэн бизнесийг бүтээхийг хүсч буй залууст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
Хувьсгалч байхыг хичээж, эрсдэл хийхээсээ бүү айгаарай. Үргэлж өөрчлөгдөж байдаг энэ зах зээлийн нүхийг жинхэнэ утгаар нь бөглөж, эрэлтийг хангах тийм л санаа бодож олох хэрэгтэй. Мөн нэг байрандаа зогсох бус аль болох өөрчлөгдөж, цаашид юу болох талаар үргэлж бодож байх нь чухал юм.
Та энэ салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ? Жишээ нь таван жилийн дараа юу болох бол?
Бид энэ оны дөрөвдүгээр сард "Ирээдүйн дэлгүүр"-ийн бета хувилбарыг гаргаж байх үед энэ тавцан, компани бүрт маш онцгой боломжийг олгоно гэдгийг ухаарч байсан. Тиймээс ч бид үүнийг аль болох уян хатан байхаар зохион бүтээсэн. Үүнийг ямар ч харилцагчийн хүсэлд нийцүүлэн тохируулж болно. Миний бодлоор бид ирээдүйд хэрэглээний маш өвөрмөц концепцийг олж харна. Хэрэглэгчдээ худалдан авалт хийх явцад нь дүгнэдэг мөн эрэлт хэрэгцээнд тулгуурлан таны нүдэн дээр өөрчлөгддөг дэлгүүрүүдийг бид харах болно. Яг үүнийг л та энэ оны эцсээр Browns ба Thom Browne-ы "Ирээдүйн дэлгүүрүүд" нээгдэхэд олж харах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт