INTRO хөгжмийн фестиваль дээр юу өмсөх вэ?: Яг одоо хэрэгжүүлэх боломжтой аргууд

Дуу хөгжим загварын салбарыг хөглөж байдаг. Хөгжмөөс улбаалсан соёлын дэд урсгалууд бий болохын хэрээр загвар, гоо сайхан, амьдралын хэв маягаараа ялгардаг бие даасан ертөнцүүд үүссээр байна. Үүний нэгэн жишээ нь электроник хөгжмийн урсгал билээ. Хөрсөн дээр буусан цагаасаа л түлхүү залуу үеийнхнийг түүчээлэн загварын ертөнцөд өөрсдийн гэсэн гоо зүйг тэд бүрэлдүүлжээ. Тэгвэл бидэнд электроник хөгжмөөр амьсгалах боломжийг олгодог INTRO хөгжмийн наадам зургаадугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус наадамд бүрдүүлэх хувцаслалтын талаар дэлгэрэнгүй хөтөч бэлдлээ.

INTRO-г анх удаагаа зорин очих гэж байгаа, электро, техно хөгжмийг өөртөө шинээр нээж илрүүлсэн, аль эсвэл зүгээр л улиг болоогүй, цаг үетэйгээ нийцсэн загварын шинэлэг санаа хайж байгаа хүн бүрд хэрэгцээтэй мэдээллийг энд багтаалаа.


ЗАГВАРЫН ЯМАР ХЭВ МАЯГИЙГ ХАРААНДАА АВАХ ВЭ?


Дижитал дүрслэлүүд бодит байдал дээр

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн мэт загварын дижитал хэв маяг бол төрхөө бүрдүүлэхдээ түлхэц авах гарааны хэсэг л гэсэн үг. Ингэхдээ та мөнгөлөг өнгө, хурц үзүүр, нарийн хийцлэлтэй деталь, сайкеделик хээ, бүтээлч цоолбортой хувцаснууд дээр анхаарлаа хандуулаарай.

Түлхүүр үг: мөнгөлөг өнгө, бүтээлч эсгүүр, тэгш хэмтэй эрээлжилсэн хээ, маш их цоолбор

Prada Намар/2021
Jean Paul Gaultier Намар/1995

Гранж/Винтэж

Загварын гранж хэв маяг нь гранж хөгжмийн урсгал дэлгэрснээр бий болж байсан түүхтэй. Тэгвэл энэхүү стиль нь 2023 онд эргэн ирэлтээ хийж өмнө байснаасаа ч илүү хандалт аваад байгаа билээ. Тиймдээ ч хөгжмийн фестивалиудад тус стилиэр хувцаслах нь түгээмэл болоод байна.

Гранж урсгалын модерн гоо зүй нь олон жил хэрэглэсэн мэт шаргал цайралттай деним, гарын гидр, карго загварын макси юбка зэргээр тодорхойлогдоно. Мөн энэхүү урсгал нь хэтийдсэн их үйлдвэрлэлийн эсрэг зогсдог тул хуучин хувцас, винтэж загварууд түлхүү ашиглагддаг.

Түлхүүр үг: панама, колорблокинг, өнгөлөг хүрэм, ретро уур амьсгал

Givenchy SS/2023
Givenchy SS/2023
Perry Ellis Хавар/1993

90-ээд оны rave-чид

1990-ээд онд электроник хөгжим эрчээ авч хүмүүсийн хувцаслалт аяндаа жигдэрч эхэлжээ. Тухайн үеийн гоо зүйг өргөн силуэттэй карго өмд, өнгөлөг, эсвэл неон өнгийн топ, принттэй футболка, панама малгайгаар төсөөлөх боломжтой.

Түлхүүр үг: панама, колорблокинг, өнгөлөг хүрэм, ретро уур амьсгал

Jeremy Scott SS14
Lexxola x NYC

ЦОР ГАНЦ ЗАГВАРАА БҮТЭЭ


Цоо шинэ худалдан авалт хийсний оронд бүтээлч санаа, хүсэл тэмүүллээ идэвхжүүлээд хуучин хувцсаа шинэчлээд нэг үзээрэй. Тухайлбал, Стокгольмд үйл ажиллагаагаа явуулдаг Hodakova брэнд бол апсайклингийн хатан хаан л гэсэн үг. Тэд хогийн цэг рүү явах дөхсөн тэлээгээр цүнхний чимэглэл хийж, зорилгоо биелүүлж чадахааргүй болоод “хөгширчихсөн” бугуйн цагаар топ урлаж чаддаг. Та ч мөн бүтээлч байдалд хязгаар үгүй гэдгийг санан эрэл хайгуулаа яг одоо эхлээрэй.


АКСЕСУАР ДЭЭРЭЭ АЧ ХОЛБОГДОЛ ӨГ


Аксесуар хэлбэр дүрсийн хувьд ямар ч байж болдгийг дизайнерууд харуулж байна. Тэд оюун санаанд дүрслэгдсэн бүхнийг бодитоор амилуулах супер хүчтэй болсон уу гэлтэй нарийн загварууд урладаг болжээ. Мөн гоёл чимэглэлийг дан ганц чих, хүзүү, бугуй, үсэндээ зүүхээс гадна нүүр, уруул зэрэг тэр бүр аксесуараар чимдэггүй биеийн хэсгээ тодруулан харуулахад ашиглаж байна. Үүнээс гадна өмд, пүүз, цүнх зэргийг өөрт байгаа зүүлт, эсвэл ээмгээрээ апсайкл хийн чимэглэх чиг хандлага эрчээ аваад байгаа юм.

Б.Энххүслэн

2023-06-21, 15:34