Эрчүүд улам бүр эрх чөлөөтэй болж, зарим дизайнерууд удирдлагыг гартаа авч, винтэж загварууд үнэлэгдэж байна
Загварын ертөнцөд бүх юм маш хурдацтай өөрчлөгдөж трендүүд үргэлж солигдож байдаг бол улаан хивсэн дээрх уур амьсгал харьцангуй тогтвортой байдаг. Эртний Холливүүдэд тогтсон дүрэм журам одоо ч хүчинтэй байгаа бөгөөд ихэнх алдартнууд зоригтой алхам хийхийн оронд сонгодог төрхийг илүүд үзэх нь элбэг. Гэхдээ саяхан өндөрлөсөн хамгийн сүүлийн улаан хивсний улирлыг ажиглахад алдартнуудын дресс-кодод багахан зэргийн өөрчлөлт орсныг бид анзаарлаа.
Эрчүүд ч бас улаан хивсэн дээрх гол дүр байх боломжтой
Tom Ford-ийн цэмцгэр смокинг эсвэл Dior ба Burberry брэндийн өөгүй төгс хослол өмссөн нэгэн хэвийн эрчүүд дунд нэгэн шинэлэг чиглэл ажиглагдсан нь sensual menswear гэх нэршлийг авчээ. Palomo Spain брэндийн өдөн чимэглэлтэй газар шүргэсэн урт нөмрөг өмссөн Олли Александер, Louis Vuitton-ы гялалзсан бэхэлгээгээр гоёсон Тимоти Шаламе, мөн хамгийн сүүлд л гэхэд Оскар дээр дээгүүрээ смокинг атлаа доод хэсгээрээ дэрвэгэр том хормойтой хамба хилэн даашинз өмссөн Билли Портер нар үүний тод жишээ юм. "Би энэ төрхөөрөө дамжуулан хүмүүсийн хүлээлтийг үгүйсгэхийг хүссэн. Эрэлхэг зан чанар гэж юу юм? Энэ нь ямар утгатай үг юм? Эмэгтэйчүүд өдөр бүр л юбка өмсдөг. Гэтэл эрэгтэй хүн даашинз өмсмөгц шуурга дэгдэх нь холгүй байдаг" хэмээн Билли өөрийн сонголтыг тайлбарласан юм.
Пьерпаоло Пиччоли бол улаан хивсний шидтэн
Сүүлд болж өнгөрсөн улаан хивсний улиралд бидний анхаарлыг хамгийн ихээр татаж, сэтгэл булаасан бүхий л даашинзууд Valentino брэндийн урланд хийгджээ. Алтан Бөмбөрцөг дээрх Леди Гагагийн лавандын өнгөтэй даашинз, SAG Awards дээрх Жейн Фондын хайрсаар бүрхэгдсэн мэт улаан даашинз, Грэмми дээрх Кейси Масгрейвсийн тюль материалтай дэрвэгэр мини даашинз мөн Фрэнсис Макдормандын Birkenstock сандаалтай хослуулан өмссөн нил ягаан даашинз зэрэг нь бүгд Пьерпаоло Пиччолигийн бүтээл байлаа.
2019 оны улаан хивсний үндсэн өнгө бол ягаан
Хэрвээ олны анхаарлыг татахыг хүсвэл ягаан өнгийг сонго. Энэхүү дүрмийг хэрэгжүүлсэн алдартнууд дунд SAG Awards дээрх Эмили Блант ба Лора Харрье, Оскар дээрх Кейси Масгрейвс ба Жемма Чан, Алтан Бөмбөрцөг дээрх Билли Портер нар багтсан юм. Ягаан өнгийг мөн феминист үзлийн илэрхийлэл хэмээн харж байгаа бөгөөд өнгөрсөн онд Трэйси Эллис Valentino-гийн ягаан даашинз сонгон улаан хивсэн дээр гарснаар энэ чиг хандлагыг эхлүүлжээ.
Аливаа улаан хивсэн дээр Celine брэндийн загвар заавал тааралддаг
Бид сүүлийн хоёр сарын туршид зохион байгуулагдсан бүхий л улаан хивсний ёслолыг шалгаж үзтэл бүгд дээр нь Celine брэндийн загвар тааралдлаа. Алтан Бөмбөрцөг - Люси Бойнтон, BAFTA - Брэдли Купер, SAG Awards - Эми Адамс, Грэмми - Леди Гага, Critics' Choice Awards - Клэр Фой, Оскар - Бри Ларсон. Эдгээр хувцаснууд бүгд Celine-ы тайзнаа гарсан загварууд байсан хэдий ч улаан хивсэнд тохируулан бага зэрэг өөрчлөгдсөн байлаа. Олон нийт Эди Слиманыг зөвхөн туранхай, этгээд бүсгүйчүүдэд зориулсан хувцас урладаг хэмээн буруутгадаг хэдий ч эдгээр алдартнууд үүний эсрэг зүйлийг баталж байна.
Винтэж загварууд кутюр цуглуулгаас ч илүү үнэлэгдэж байна
Ухамсартай хэрэглээ гэх ойлголт орчин үеийн загварын салбарт маш чухал сэдэв болоод байгаа. Алдартнууд улаан хивсэн дээр архивын загвар сонгон өмсөж байгаа нь ухамсартай хэрэглээтэй холбоотой давлагаа билээ. Орчин үеийн кутюр урлагийг ихэвчлэн том брэндүүдийн маркетингийн алхам гэж харах нь элбэг болсон тул хуучин цуглуулгын винтэж загвар өмсөх нь илүү чин сэтгэлийн, хүнлэг мэдрэмж төрүүлээд байгаа юм. Энэ давлагааны бэлгэ тэмдгээр дуучин Карди Би өргөмжлөгдсөн байгаа. Тэрээр Грэммигийн улаан хивснээ гарахдаа 1995 оны Тьерри Мюглерийн даашинз өмсөж бүгдийг гайхшруулаад авсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт