Баярын уур амьсгал шингэсэн арванхоёрдугаар сар ирлээ. Магадгүй таны энэ сарын хуваарь байгууллага, найзууд эсвэл гэр бүлийн шинэ жилийн үдэшлэгээр дүүрсэн байх. Тэгвэл баярын даашинзаа сонгож хараахан амжаагүй байгаа эмэгтэйчүүддээ зориулж 2021 болон 2022 оны чиг хандлагад нийцсэн, хэзээ ч моданаас гардаггүй классик даашинзуудыг санал болгож байна. Хамгийн гол нь эдгээр даашинзуудыг ганц өдөр өмсөөд хаях биш дараа нь өөр нөхцөлд ч өмсөж болох юм.
Хэрэв та аливаа баяр ёслолд хэт чамин хувцаслах дургүй, аль болох минимал байдлыг эрхэмлэдэг бол нарийн мөртэй, торгон даашинз тохиромжтой сонголт болно. Тус загвар нь гялалзсан чимэглэлтэй ч бай, цулгуй ч бай үдэшлэгт тохирох бөгөөд дараа нь ноосон цамц, намхан гуталтай загварчлахад өдөр тутмын төрх болж хувирах юм.
Hermès, Courrèges, Jil Sander, Chloé, Proenza Schouler болон бусад загварын орднуудын намар-өвөл 2021 цуглуулгад зонхилсон материал бол савхи юм. Ингэхдээ дизайнерууд хар өнгөний талаар түр мартаж бор, улбар шар, усан цэнхэр зэрэг тод өнгөнүүдийг түлхүү ашигласан байв. Бид танд янз бүрийн биеийн онцлогт тохирох богино ханцуйтай, ханцуйгүй, нарийн детальтай зэрэг загваруудаас хүргэж байна.
Нэхмэл гэхээр л заавал зуны улиралд далайн эрэг дээр өмсөх албагүй гэдгийг дизайнерууд онцлоод байгаа. Тус хувцсыг атласан өндөр өсгийт, clutch цүнх болон гялалзсан гоёл чимэглэлтэй хослуулахад хормын дотор цэмцгэр бөгөөд гоёмсог төрх бүрдэх болно. Bottega Veneta, Zimmermann, PatBO, Zara болон бусад брэндүүдээс нэхмэл даашинз хайгаарай.
Богино хар даашинз бол моданаас гардаггүй загваруудын нэг бөгөөд гагцхүү материал, хийц, силуэт нь тухайн жилийнхээ чиг хандлагыг даган өөрчлөгддөг юм. Тухайлбал, Bottega Veneta-ийн дизайнер Дэниел Ли нь намар-өвөл 2021/2022 цуглуулгад оруулсан хар өнгийн, богино, классик даашинзыг урлахдаа савхин материал ашиглаж, мөр хэсгийг нь гурвалжин хуваалттай урласнаар орчин үеийн дизайныг бүтээжээ. Харин Габриэла Херст бидэнд хар даашинзыг өргөн силуэттэй, цагаан өнгийн брюкэн өмдтэй хослуулахыг зөвлөж байна.
Хэрэв та гялалзсан эсвэл хамба хилэн даашинзуудаас залхсан бол намар-өвлийн гол чиг хандлагуудын нэг болох цацган чимэглэлтэй даашинзад анхаарлаа хандуулаарай. Дизайнерууд 1920-иод оны хэв маягтай гялалзсан цацагтай, өдөр тутамд өмсөж болох богино, бүтээлч детальтай зэрэг олон төрлийн загваруудыг харуулж байна.
Нуруу ил гарсан эсгүүртэй даашинз шууд л гоёлын уур амьсгалтай болдог бөгөөд тус загварыг зөвхөн шинэ жилд гэлтгүй дээвэр дээрх зуны үдэшлэгт, эсвэл болзоонд гээд бусад үед ч өмсөх боломжтой. Энэ жил дизайнерууд ноос, торго болон хөвөн даавуугаар хийсэн сонирхолтой силуэттэй загваруудыг урлажээ.
Дэлхийн томоохон загварын орднуудаас эхлэн дөнгөж дебютээ хийж буй брэндүүд хүртэл бүгд байгалийн тогтвортой хөгжлийн асуудалд санаагаа чилээж, холбогдох ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь зүймэл урлал юм. Энэхүү аргачлалын хүрээнд дизайнерууд өмнөх цуглуулгуудын борлуулагдаагүй загваруудаа хооронд нь нийлүүлж цоо шинэ хувцсыг бүтээж байна. Та тус загвараас сонгохдоо залгааснуудын өнгөний зохицол дээр анхаарлаа хандуулаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт