Загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийн талаар бичих, жилд хоёр удаа гарах, 200-с дээш нүүр бүхий Velin хэвлэмэл сэтгүүлийн хоёр дахь дугаарын Cover Star Б.Цэрэндолгортой хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Séren гэх уэльс гаралтай үг нь “од” гэсэн утгатай бөгөөд Б.Цэрэндолгорыг карьерынх нь дараагийн үе шат болох олон улсын зах зээлд таниулах төгс нэр юм. “Гаднын хүмүүс ‘ц’ үсгийг тэр бүр хэлж чаддаггүй, ойлголцоход хүндрэлтэй байдаг. Харин англиар Tseren нэрийнхээ ‘T’ үсгийг авчихвал хэлэхэд хялбар болчих юм байна гэж бодоод Séren-ий утгыг хайгаад үзтэл Од гэсэн байсныг хараад шууд сонгосон” хэмээн ярих түүний нүднээс урьдын адил оч гялалзаж, өөртөө итгэлтэй байдал нь дэргэд нь суугаа хэн бүхнийг ховсоддог хэвээр.
“Mongolia’s Next Top Model” шоуны үеэр буюу ойролцоогоор зургаан жилийн өмнө, түүнийг дөнгөж загварын салбарт хөл тавьж байх үед танилцаж, тухайн үед түүний тэр хүчтэй, өөртөө итгэлтэй зан чанар зөвхөн миний гэлтгүй үзэгчид, шүүгчдийн сэтгэлийг булаан ялагчаар тодорсон байдаг. Тэр цагаас хойш түүний амьдралд олон ч зүйл өөрчлөгдөж, олон ч том төслийн ард гарсан хэдий ч ярилцаад суухад урьдын Séren хэвээр, өөртөө үнэнч үлджээ. Илүү оновчтойгоор хэлбэл, зан чанар нь хэвээр ч бусад зүйлс дээр илүү сайжирсан, төлөвшсөн хувилбар нь миний өмнө сууж байлаа.
Velin сэтгүүлийн хоёр дахь дугаарын Cover Star болсон түүний ярилцлагыг бид өөрийнх нь орох дуртай Rosewood ресторанд хийсэн юм. Тод цэнхэр өнгийн хантааз, 60-аад оны хээтэй цамц, шулуун хар өмд болон хөлд эвтэйхэн намхан гутал өмссөн тэрээр үүдээр инээмсэглэн орж ирлээ. Өндөр нуруу, урт хүзүүтэй түүнд богино хар үс нь тун ч их зохиж, бусдаас ялгаран харагдах модель төрхийг нь улам тодотгож өгчээ. Уулзаагүй удсан бид хоорондоо мэндлэн нэг тэврэлдэж аваад, тэрээр менюгээ удаан харалгүй захиж дадсан саримстай жигнэсэн брокколли болон шинэхэн шахсан жүржийн шүүсээ захиалаад намайг өөрийнхөө дотоод ертөнцөд угтан авахад бэлэн болж яриагаа эхлүүлсэн юм.
Уулзахын өмнө бид утсаар холбогдоход, Séren ээжийгээ эмнэлгээс авах талаар дурдсан тул ээжид нь санаа тавин асуухад тэрээр “Хөх томруулах хагалгаанд орсон юм” гэх илэн далангүй хариултыг өгч, цаашид ч ярилцлагын туршид нууж хаах зүйлгүй, нээлттэй гэдгээ мэдэгдэн надад сэтгүүлчийн хувьд хүссэн бүхнээ бичих бүрэн эрх чөлөөг олгосон билээ.
“Өнөөдөр ээжийнхээ жижиг ч болов хүслийг биелүүлэхэд тусалсандаа маш их баярлаж байна” хэмээн ярих тэрээр 18 нас хүрснээсээ хойш гэрийнхнээсээ санхүүгийн туслалцаа авахаа больж, одоо харин бага багаар өөрөө тусалдаг болоод байгаа юм байна. “Би аймар аз жаргалтайгаар мөнгөө үрж байгаа. Бага байхад эмээ, ээж нар ярьдаг байсан даа, өөрөөсөө харамладаг болдог гэж. Би яах вэ өөрөөсөө харамласан юм байхгүй ээ, гэхдээ гэрийнхэндээ зарцуулах нь илүү үр ашигтай санагдаж, онцгой мэдрэмжийг өгдөг” гэлээ.
Séren Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд нүүр амын их эмчээр дөрөвдүгээр курстээ суралцаж байхдаа MNTM нэвтрүүлгээр анх олонд танигдаж, түүнээс хойших богино хугацаанд загварын салбарт олон талын туршлага хуримтлуулан, баялаг портфолио бүрдүүлж чадсан. Мэргэжлийн тайзны модель, фото модель, Instagram дээр ойролцоогоор 260,000 дагагчтай инфлюэнсер, “The Mayag” нэвтрүүлгийн хөтлөгч болон продюсер, мөн сүүлд “Project Runway Mongolia” нэвтрүүлгийн хөтлөгч гээд нэг бүрчлэн тоочвол үүнээс ч урт жагсаалт гарна.
“Шоунд орсноос хойш хамтарч ажиллаагүй байж байгаад сая зураг авалтын үеэр ажиллахад бүр ч илүү супер модель болсон санагдсан” хэмээн Cover Star-ын зураг авалт дээр стайлинг хийж, арт директороор ажилласан Ө.Содгэрэл ярилаа. MNTM шоуны эхний улирлын продюсерын хувьд тэрээр Séren-тэй олон удаа ойр ажилласан төдийгүй энэ удаагийн зураг авалтад зориулж March Nine Media студийн хамт гурван хоногоор Өмнөговь дахь Three Camel Lodge резорт руу аялаад ирсэн билээ. “Цэкү анх шоунд орж байхад л хариуцлагатай, зорилготой, сэргэлэн цовоо охин байсан. Тиймдээ ч түрүүлсэн байх. Шоу дуусаад олонд танигдсанаасаа хойш хэзээ ч зүгээр суугаагүй тогтмол хѳдѳлмѳрлѳѳд, ѳѳрийгѳѳ бүүр ч олон янзын юманд сорьж байгааг нь хараад их баярладаг. Загварын салбарынхан дундаа цаг барьдаг, шулуухан хѳѳрхѳн ааштай гэдгээрээ танигдсан шүү. Аяллын турш эрүүл хоол идэж, муу зуршилгүй байгааг нь харахад ѳѳрийгѳѳ хайрлаж сурсан мундаг эмэгтэй болон тѳлѳвшсѳн санагдсан. Яг одоо 26 насандаа хамгийн ид үе нь ирж байна. Дэлхийн модель гэж боддог, хурдан олон улсад гараасай” гэх ерөөлийн үгсийг Séren-д дамжууллаа.
Séren 2017 онд анх шоугаа дуусмагцаа л гадагшаа явах хүсэлтэй байсан ч анагаах ухаанд суралцсан тэр олон жилийн хөдөлмөрийнхөө эцсийг үзэлгүй орхиж чадаагүй гэнэ. “Харин дараа нь би өөрийн тав тухтай бүсэд орчихсон. Эндээ мөнгө олж байна, тухтай байна гээд тухайн үед санал ирж байсан ч өөрийгөө тэр тухтай байдлаасаа гаргах мэрийлт байгаагүй. Одоо бол өөрийгөө хөгжүүлэхийн тулд тэр бүсээ эвдэхгүй бол болохгүй болчхоод байна. Хүчээр эвдээд явна” хэмээн ойрын хугацаанд явахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм. Мөн түүний тав тухтай бүсээсээ гарч чаддаггүй хамгийн гол шалтгаан болох гэрийнхнээсээ холдох хэцүү байгааг ярьж, өөрийнх нь хувьд төгс гэж хэлж болох хүүхэд насаа дурслаа.
“Би чинь тал газрын хүн шүү дээ. Хүмүүс тал газрыг уйтгартай гэдэг ч надад бол хамгийн сайхан нь. Яг л цаг хугацаа зогсчихсон юм шиг, үгээр илэрхийлэмгүй тайвшрал мэдэрдэг” гэх Séren Дорнод аймагт төрсөн бөгөөд багад нь эцэг эх нь салснаар арван нас хүртлээ өвөө эмээ дээрээ өсжээ. Дороо хоёр эрэгтэй дүүтэй, өөрөө ч багын эршүүд, айл гэр болж тоглохоороо аав нь болдог, эрэгтэй найзууд ихтэй. Харин хичээлдээ бол онц сурдаг, мэриймтгий хүүхэд байсан бөгөөд гэрийнхэн нь түүнд багаас нь өөртөө итгэх итгэлийг нь суулган өгч, ямар нэгэн сэтгэлзүйн гэмтэл авалгүй азтай өссөнөө инээмсэглэн ярьсан юм. “Одоо бодоход гүнж шиг өссөн байна лээ. Эмээ өвөө минь намайг их эрхлүүлсэн, гэхдээ аз болж буруугаар биш” гэлээ.
Харамсалтай нь түүний өвөө өнгөрөгч гуравдугаар сард өөд болсон бөгөөд амьдралд хүн алдах шиг хүнд даваа байхгүй талаар ярин суухдаа бид түүний бусад айдсуудын талаар мөн ярилцаж хамгийн том айдас нь харанхуй болох дээр нь саналаа нэгтгэлээ.
Яагаад харанхуй гэж?
Мэдэхгүй, урьдчилан тааварлах боломжгүй болохоор ч юм уу.
Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу байлгах дуртай болохоор уу?
Тийм. Маргааш яг ингэх юм байна гээд хувцсаа хүртэл төлөвлөөд унтчихвал амар байдаг. Ер нь л тодорхой нөхцөлд байх сонирхолтой юм байна. Тийм болохоор л харанхуйгаас айдаг гэдгээ олж мэдлээ (инээв).
Өөрийгөө ажиглаж, дүгнэлт хийж чаддаг байх нь эрүүл сэтгэлзүйн нэгэн шинж байх хэмээн түүнд хэлэхэд, “85% хувьтай ч юм уу. 100% гээд хэлчихвэл эрүүл бишийн шинж болчихно шүү дээ” хэмээн хошигнов. “Миний бодлоор хүн сэтгэлзүйн хувьд эрүүл байхын тулд өөрийгөө их сайн мэддэг байх хэрэгтэй санагдсан. Ямар нэгэн нөхцөлд өөрийгөө яаж өөдрөг болгох, яаж тайвшруулахаа мэдчихсэн байх нь чухал. Хүмүүс гадуураа хамгаалалттай болчихвол гаднаас юу хүлээж авах, авахгүйгээ ойлгочихно” гээд түүний хувьд харин өөрийгөө тайвшруулах шилдэг арга нь зүгээр л хэвтэх гэдгийг хэлсэн юм. “Дуу сонсохгүй, гэр орноо цэвэрлэхгүй. Тэгвэл улам л бодогдоно. Харин зүгээр л хэвтэж байгаад босоод ирэхээр дээрдсэн байдаг”.
Өдгөө 26 настай Séren-ий хувьд одоогоор карьер болон эрүүл мэнд нэн түрүүнд байгааг шуудхан хэллээ. Тэрээр урдаа тавьсан зорилгынхоо төлөө шаргуу ажиллаж буй нэгэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд загварын зураг авалтуудаас гадна “The Mayag” болон “Project Runway” гэх хоёр ч том төсөл дээр ажиллаж, хост болон продюсерын мэргэшлээр нэлээдгүй туршлагажаад авсан. Энэ талаар асуухад, “Хост хийнэ гэдэг төсөөлснөөс минь хүнд, олон ур чадвар шаардсан ажил байсан. Би өмнө нь хост хийсэн туршлага байхгүй ч тодорхой хэмжээнд энэ ажлыг хийж чадаад байгаа нь надад нэг давуу тал байсантай холбоотой. Тэр нь юу гэхээр би өгсөн текстийг хурдан цээжилчихдэг. Энэ нь магадгүй анагаах төгссөнтэй холбоотой байх” гээд телевизийн салбар өөрт нь ихэд таалагдаж байгааг онцоллоо.
“Монголд инфлюенсер гэхээр сөрөг утгатай үг юм шиг болчихсон. Миний хувьд энэ үгээс огт санаа зовдоггүй. Энэ нь зүгээр нэг нэршил биш харин миний хийж байгаа жинхэнэ ажил шүү дээ”
Үүний хажуугаар Séren олон нийтэд нөлөөлөх ур чадварынхаа ачаар инфлюэнсерийн ажлыг бүтэн цагаар хийж үүнийг нэг санхүүгийн эх үүсвэрээ болгож чадсан. “Монголд инфлюенсер гэхээр сөрөг утгатай үг юм шиг, зарим хүмүүс өөрсдийгөө инфлюенсер гэж нэрлэх ч дургүй болчихсон. Миний хувьд энэ үгнээс огт санаа зовдоггүй. Би нэг өглөө босож ирээд инфлюенсер гэдэг нэршлийг өөртөө өгчихсөн юм биш. Энэ нь зүгээр нэг нэршил биш харин миний хийж байгаа жинхэнэ ажил шүү дээ. Хүн багш хэр нь өөрийгөө багш гэхгүй байх нь утгагүйтэй адил. Үүгээрээ би мөнгө олдог, амьдардаг” хэмээн бодлоо хуваалцаж байна.
Ажил, бизнесийн сэдвээр цаашлан ярихад тэрээр өөрийн анхны бизнес болох “Pastel” нэртэй рестораны талаарх хүндхэн боловч сургамжтай туршлагаа мөн дурдсан юм. “Би амьдралдаа тийм хүнд байдалд орж үзээгүй. Энэ газрыг би хуучин найз залуутайгаа хамтран үүсгэн байгуулж байсан юм. Анх зориглоод зээл аваад эхлүүлсэн ч, үйл явц дунд ус алдаж өрөнд ороод, арай гэж нэг нээсэн ч удалгүй коронавирусээс болж хаахад хүрсэн. Одоо их хашир болсон ч эргээд харахад, туршлага суусан, цаашид ямар ч бизнес хийхэд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн” гэнэ. Мөн тэрээр аль хэдийн дараагийн алхмуудаа бодчихсон, франчайзын бизнес рүү орох гээд төлөвлөгөө гаргачихсан байгаа бөгөөд Монголд байгаа олон франчайз дунд юу дутагдаж байгааг, хүнд юу хэрэгтэй байгааг олж харахаар хайж байгаа аж.
Ярилцлагын эцэст түүнээс өөрийгөө гурван үгээр тодорхойлооч гэхэд, “Өөрийгөө гаднаас нь харж байгаагаар төсөөлөх юм бол би өөртөө лав таалагдахгүй. Яг өөртэйгөө адилхан зантай хүнд дургүй гэх юм уу. Бодохоор гоё үг орж ирэхгүй байна. Ер нь сүүлийн хоёр жил том болоод байх шиг санагдана. Би өмнө нь өөрийнхөө олж хардаггүй байсан муу зангуудаа анзаардаг болсон” хэмээн ярихад нь ямар зангуудын талаар ярьж байгааг нь тодруултал, “Жишээ нь, хүн миний мэддэг зүйлийн талаар худлаа ярихад би гоё, зөөлнөөр хариулахын оронд шууд л бодлоо хатуухан хэлчихдэг. Заримдаа түрэмгий ч гэх юм уу” хэмээн өөрийгөө дүгнэж байна. Угаас шударга, шулуун занг үргэлж л үнэлдэг байсан миний хувьд харин эдгээр нь давуу тал гэж хэлнэ.
Бусдад бодлоо шулуухан хэлчихдэгийн адил өөрийгөө ч хатуухан шүүмжилчихдэг тэрээр залуу байгаа дээрээ хүчээ бүх талбар дээр сорихыг хүссэндээ мөн хоёр ч кинонд тоглоод амжсан тухай дурдах гэсэн юм. Жүжигчний карьераа цаашид хөгжүүлэх сонирхолтой байгаа эсэхийг нь лавлахад Séren “Миний юм биш байна лээ. Туршиж үзээд эртхэн ойлгочихсон болохоор амар л байна. Би хамгийн гол нь өөрийгөө чадаж байна гэсэн мэдрэмж огт аваагүй. Хүмүүс бол тухайн үед намайг урамшуулах гээд худлаа ярьсан юм уу, мэдэхгүй болж байна л гээд байсан. Харин би өөрөө болж өгөхгүй байснаа мэдэж байсан” хэмээн хариулсан нь түүний шийдэмгий зан чанарын мөн нэг тусгал байсан билээ. Цаашлаад аливаа эхлүүлсэн ажилдаа шилдэг нь байхыг хүсдэг эсэхийг гэж асуухад, “Миний хамгийн том айдас бас тэр мөн. Ямар нэгэн юманд муу байхаас айдаг. Тэр нь надад сэтгэл санааны дарамт өгдөг. Тийм болохоор би өөрийнхөө сайн хийж чадахгүй байгаа зүйлээс өрийгөө хурдан татчихаж чаддаг” хэмээн хуваалцсан юм.
Ганц л юм тодорхой байгаа нь тэрээр хүнийг дагадаггүй, харин дагуулдаг хүн. Юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг, түүнийгээ ч авч чаддаг хүчтэй эмэгтэйчүүдийн нэг юм. Дараа дараагийн дугаарууддаа түүний амжилтуудаас хүргэсээр байх болно гэдэгтээ итгэлтэй байна.
2023-08-28, 17:58
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт