Woolrich брэнд Монгол улсад салбараа нээсэнтэй холбогдуулан тус брэндийн гүйцэтгэх захирал Стефано Сакконэ Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, бид түүнтэй сонирхолтой яриа өрнүүлэх боломж олдсон юм. Тэрээр 25 гаруй жил дээд зэрэглэлийн брэнд хөгжүүлэлт хийсэн туршлагатай ба өмнө нь VF, P&G, Nike, Ralph Lauren гэх зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж байжээ. Түүнтэй хүүрнэсэн энэхүү ярилцлагаас уншигч та бүхэн Woolrich брэндийн замнал болон загварын түүхийнх нь тухай сонирхолтой мэдээллийг авах боломжтой.
Сайн байна уу? Стефано Сакконэ, та Woolrich брэндийн түүхийн талаар манай уншигчдад ярьж өгөөч. Бараг хоёр зууныг дамнасан түүхтэй шүү дээ...
Сайн байна уу, яриа өрнүүлэхээр BURO-гийн оффис дээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Woolrich брэндийн түүхийг яривал маш урт хариулт болно. Товчхондоо, Woolrich нь агаарт амарч, ажиллаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх үедээ өмсөх зорилгоор бүтээгдсэн хамгийн анхны хувцасны брэндүүдийн нэг юм. Бид өөрсдийгөө “The Original Outdoor Clothing Company” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ төрлийн хувцсыг хийгээд 190 гаруй жил болжээ.
1830 онд Woolrich анх ноосон материал болон ноосон бүтээлэг үйлдвэрлэдэг үйлдвэрээс эхэлж байлаа. Энэ ажлынхаа хүрээнд АНУ-ын хамгийн анхны төмөр замыг барьсан ажилчдын хувцсыг хийж, мөн Америкийн иргэний дайны үе болох 1861-1865 онуудад Woolrich ноосон материалаараа цэргүүдийн хөнжил болон дүрэмт хувцсыг бэлтгэн нийлүүлсэн түүхтэй. Цаашлаад дэлхийн I болон II-р дайны үед Америкийн армид оймс, бүтээлэг зэргийг нийлүүлж байв. Woolrich болон нэгдсэн улсын армийн энэхүү хамтрал 150 жил үргэлжилсэн учраас манай брэнд АНУ-ын түүхтэй салшгүй холбоотой билээ. Мөн Woolrich нь 1939-1940 онд АНУ-ын хамгийн анхны Антарктидын экспедицийн багийн хувцсыг бэлдэж байсан юм.
Ингээд 1920-иод оны үед Woolrich брэнд загасчид, анчид болон аялагчдад зориулсан аяллын хувцас үйлдвэрлэж эхэлсэн билээ. Харин дэлхийн II-р дайны дараа буюу 1950 оноос эхлэн олон нийтэд зориулсан төрөл бүрийн гадуур өмсөх хувцас үйлдвэрлэж эхэлсэн юм.
Woolrich-ийн бас нэгэн бахархлыг дурсахгүй өнгөрч болохгүй. Бид Итали улсад энэ олон жилийнхээ түүхийг өгүүлэх архивтай болсон бөгөөд одоогоор 1920 оноос хойш цуглуулсан 25,000 төрөл зүйлийн хувцас, 1800 оны сүүл үеийн 50,000 төрлийн даавуун материал хадгалагдаж байна. Энэхүү архив нь манай дизайнерууд болон бидэнтэй хамтарч коллекци гаргадаг бусад дизайнеруудад маш их урам зориг, бүтээлч онгод өгдөг юм.
АНУ-ын Пенсильвани мужид Woolrich хэмээх жижигхэн тосгон байдаг талаар уншсан юм, танай брэндийн нэр нь энэ тосгоноос үүдэлтэй юу?
Woolrich тосгон нь анх өөр нэртэй байсан гэдэг. Тэнд анхны Woolrich-ийн үйлдвэр байсан бөгөөд үйлдвэрийг даган ажлын байр бий болж, улмаар тосгоны хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байсан учраас уг тосгоныг сүүлд Woolrich хэмээн нэрийдэхээр шийдэж, зөвшөөрөл олгожээ. Одоо тэнд манай брэндийн музей оршдог.
Woolrich брэндийг анх Европоос гаралтай гэж боддог байлаа. Хувцаснууд нь европ стильтэй санагддаг байтал судлаад үзэхэд АНУ-аас гаралтай байсан нь миний гайхширлыг их төрүүлсэн шүү.
Та тэгж бодох нь аргагүй. Woolrich брэндийн сүүлийн 25 жилийн түүх Европтой салшгүй холбоотой юм. Хамгийн анх 1989 онд итали компани Woolrich брэндийг Европ тивээс Италид оруулж ирж нутагшуулан маш амжилттай ажиллаж, улмаар Герман, Нидерланд гээд Европын олон оронд салбараа нээж эхэлсэн. Тэд удалгүй Woolrich-ийн гадаад харилцааг хариуцан ажиллаж, Япон зэрэг дэлхийн бусад улсуудад салбаруудаа нээсэн юм. Ингээд Woolrich-ийн үүсгэн байгуулагчид ийнхүү амжилттай ажилласан Итали компанид Woolrich брэндээ зарсан байдаг. Тийм учраас Woolrich америк угшилтай, европ мэдрэмжтэй брэнд гэгддэг. Одоо бол бидний хувцасны хэмжээ, материал гэх мэт зүйлс европ стандартаар хийгдэж байна.
Woolrich брэндийн хувцсыг ямар төрлийн хүмүүс өмсдөг гэж та боддог вэ?
Ерөнхийдөө манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь хотод амьдардаг хүмүүс байдаг. Тэд манай хувцсыг чанартай, сайн материалтай, чамин хийцтэй бөгөөд өмсөхөд тухтай гэдэг талаас нь их худалдан авдаг. Бид “зорилготой хувцас” гэдэг үгийг брэнддээ хэрэглэдэг юм. Жишээ нь, манай гадуур куртканууд салхи нэвтрүүлэхгүй, дулаан, тав тухтай зэрэг олон давуу талыг шингээсэн байдаг. Тэгэхээр бид коллекцоо бүтээхдээ хотод амьдардаг хүмүүст зориулсан чанартайгаас гадна хаана ч өмсөх боломжтой олон төрлийн хэрэглээтэй байх талаас нь онцгой анхаардаг гэсэн үг. Woolrich бол дээд зэрэглэлийн брэнд гэсэн ангилалд ордог учраас хэрэглэгчид манай хувцаснаас тэр хэмжээний чанарыг мэдрэх болно.
Buffalo check буюу дөрвөлжин, улаан хар шоотой цамцны загвар Woolrich брэндээс анх үүсэлтэй гэж уншаад маш сонирхолтой санагдсан шүү. Одоо энэ өнгөний хослол бүхий цамцыг бараг бүх хувцасны брэндүүд хийдэг шүү дээ. Та энэ талаар манай уншигчдад сонирхуулаач?
Энэ бол 1850 оны түүх юм. Тэр үед Woolrich даавуу үйлдвэрлэдэг байсан ба материалын хээ, дизайн дээр ажилладаг нэгэн ажилтан маань улаан хар өнгийг зохион бүтээж, гаргаж ирсэн юм. Тэрээр хувьдаа одос үхрийн сүрэгтэй байсан тул Woolrich-ийн үйлдвэрт ажиллаж байхдаа нээсэн энэхүү хар улаан шоотой хээгээ “Buffalo check” гэж нэрлэсэн байдаг. Тиймээс Woolrich брэнд дэлхийд анхлан ийм өнгө бүхий хээг гаргаж ирсэн гэж тодорхойлогддог юм. Одоо бол ажлын хувцаснууд хийдэг үйлдвэрээс эхлээд тансаг зэрэглэлийн брэндүүд ч энэ хээг ашигласаар байна. Сүүлийн хэдэн жилийн дотор л гэхэд Christian Dior, Balenciaga гээд алдартай брэндүүд Buffalo дөрвөлжин хээгээр олон сонирхолтой загвар бүтээсэн шүү дээ. Харин анхдагч гэдэг утгаар нь хүмүүс ийм хээтэй Woolrich брэндийн бүтээлэг, цамц, гадуур хувцсыг хэзээд худалдан авах дуртай байдаг. Хэрвээ та анзаарч байсан бол энэ хээний хамгийн гайхалтай нь ямар ч үед, хэн ч өмсөхөд зохидог шүү дээ.
Тийм шүү. Улаан хивсний ёслолоос эхлээд хөдөө хээр ч өмсөж болдог. Надад ч энэ хээтэй цамц байгаа. Би бүр шинэ жилээр, бас зун аялахдаа хөдөө ч өмсөж байсан юм байна. (Инээв) Одоо үед хүмүүс байгальд ээлтэй хувцас өмсөх талаар их ярьдаг болсон шүү дээ. Энэ тал дээр Woolrich ямар бодлого баримталдаг вэ?
Бидний нэг философи бол чанартай хувцас урлах нь байгальд ээлтэй хандах хамгийн эхний алхам гэж боддог. Бид “fast fashion” брэнд биш учраас богино насжилттай, ямар нэгэн трендэд баригдсан хувцас бүтээдэггүй. Бид брэндийнхээ хувцаснууддаа засвар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 1920 онд манайхаас авсан парка загварын курткыг дэлгүүр дээр авчраад үйлчилгээ авч байхыг харсан удаа бий. Үүнийг илтгэх хамгийн том илрэл нь, хэрвээ та дэлхийн аль ч хотод байдаг винтеж хувцасны дэлгүүрт орвол Woolrich брэндийн ямар нэгэн хувцас тэнд байх болно. Мэдээж бид байгальд ээлтэй материал эсвэл дахивар материалаар хувцаснуудаа урладаг.
Мөн манай төв оффис нарны гэрлээс цахилгааны эх үүсвэрээ авах, бүх салбар дэлгүүрүүддээ цахилгаан бага зарцуулдаг LED гэрэл байршуулах, компанийн машинууд цахилгаан хөдөлгүүртэй байх гэх мэт хүмүүсийн нүдэнд тэр болгон ил биш олон зүйл дээр анхаардаг.
Эцэст нь бид “The Woolrich Outdoor Foundation”-ыг байгуулан бүх борлуулалтынхаа нэг хувийг байгаль орчныг сэргээн засварлахад зориулан хандивладаг болсон билээ. Зарим үед манай ажилчид ажлын цагийнхаа нэг хувьтай тэнцэх хугацааг байгаль хамгааллын сайн дурын ажилд зориулдаг. Жишээ нь, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх, далайн эргийн хог хаягдлыг цэвэрлэх, хүүхдүүдэд хэрхэн байгалиа хамгаалах талаар мэдээлэл хүргэх гээд мөнгө санхүү болон өөрсдийн цаг завыг байгаль орчноо хамгаалах сайн үйлсэд зориулсаар байна.
Woolrich брэндээс анх удаа хувцас худалдан авах гэж байгаа үйлчлүүлэгчдэдээ зориулан танай брэндээс заавал авах ёстой гурван бүтээгдэхүүнийг нэрлээч гэвэл?
Woolrich брэндийн Buffalo хээтэй ямар ч загварын хувцсыг өөрийн болго гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Woolrich нь уг хээний анхдагч үүсгэн байгуулагч нь шүү дээ.
Дараагийнх нь, Arctic Parka гадуур куртка. Антарктидын судалгааны ажилд зориулан хийсэн энэ куртка маань маш амжилттай болсон бөгөөд 1960 оноос эхлэн маш олон гадуур хувцасны алдартай компаниуд Woolrich брэндэд захиалга өгч хийлгүүлдэг болсон. Энэ нь манай гадуур куртканы сайн чанарын өд, эдэлгээний чанараас болдог гэж бид боддог.
Гуравдах нь, ямар нэгэн “Gore-Tex”-тэй гадуур хувцас. Яагаад гэвэл Woolrich нь дан ганц ажлын хувцас бус энгийн хувцсанд ч “Gore-Tex”-ыг хамгийн анх хослуулан хийж эхэлсэн брэнд юм.
Ярилцлагын төгсгөлд та бүхэн яагаад Монголд салбараа нээх болсон талаар бодлоо хуваалцаач?
Олон шалтгаанаар нээсэн. Мэдээж хамгийн түрүүнд бид маш сайн монгол хамтрагч олсон. Мөн Монгол орон бол маш өргөн уудам нутагтай, байгальд ойр, хөдөө хээр аялах дуртай ард түмэнтэй. Бид байгалиас маш их бүтээлч урам авдаг компани гэж би хэлж байсан даа. Тийм ч учраас Монголын нөхцөл байдалд манай брэнд гойд зохицно гэж бид үзсэн юм. Түүнчлэн Монгол бол эрс тэс уур амьсгалтай орон учраас манай өвлийн куртканууд болон хот, хөдөө ялгаагүй өмсөхөд тохиромжтой бусад загварын хувцаснууд маань төгс нийцэхгүй гэж үү?
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
2023 оны Зуны шинэ коллекц
Хаяг: Central Tower, 2 давхар
Утас: 95469090
Facebook: WRulaanbaatar
Instagram: @wrulaanbaatar
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт