Яагаад нүүр халхалсан маск өнөө цагийн хамгийн том чиг хандлагаар тодроод байна вэ?

Нууцлаг байдал - шинэ үеийн тансаглал

Загварын салбарыг тодорхойлж байдаг үндсэн шинж чанаруудын нэг бол тренд/чиг хандлага билээ. Үргэлж л ямар нэг хувцас, аксесуар эсвэл загварчлах арга техникүүд олны анхаарлыг илүү их татаж, улмаар тэдгээрийн эрэлт нь нэмэгддэг бичигдээгүй дүрэмтэй билээ. Тренд нь ихэнхдээ тухайн нийгмийн нөхцөл байдал, гол үйл явдал, хүмүүсийн сэтгэл зүйтэй уялдаж үүсдэг. Тухайлбал, 1970 болон 80-аад онуудад хүйсийн эрх тэгш байдлын асуудал хурцаар хөндөгдөж байсантай холбоотойгоор эмэгтэйчүүд төрхөө тейлор хослолоор бүрдүүлэх нь эрс нэмэгдсэн бол 2000-аад онд хип хоп урсгал хүчээ авах үед бомбер хүрэм, сул өмд, толгойн алчуур зэрэг загварууд эд тренд болж байсан. Тэгвэл 2020 оноос эхлэн одоог хүртэл эрчээ алдаагүй яваа энэ цаг үеийн хамгийн том чиг хандлага юу вэ? Хайчилбартай хувцас, монохром загварчлал, микро цүнх, платформон ултай гутал, намхан суудалтай өмд зэрэг трендүүд анхаарлын төвд байсныг та бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ эдгээрээс илүү загварын салбарыг хүчтэй донсолгож чадсан нэг тренд нь маск юм.

Эхэндээ маскийг аюулгүй байдлаа хангаж, цар тахалтай холбоотойгоор дэлхий даяараа зүүж эхэлсэн бол одоо энэ нь дизайнеруудын хараанд өртөж, брэндүүдийн цуглуулгын нэг хэсэг болж, бүр “аксесуар” гэх тодорхойлолттой болжээ. Хамгийн тод жишээ бол Канье Уэст, Демна Гвасалия нарын хамтран бүтээсэн 2021 оны Met Gala дээрх Ким Кардашьяны нүүрээ бүхэлдээ халхалсан төрх юм. Кимийн төрх шуугиан дэгдээгээд удаагүй байхад Vetements брэндийн бүтээлч захирал, Демнагийн дүү Гурам Гвасалия нь нүүрээ халхалсан маскнуудаас бүрдсэн цуглуулга танилцуулсан билээ. Харин Карди Би тус чиг хандлагын өөрт нутагшуулсан хувилбарыг буюу алтан маскийг AMA шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр толилуулаад авсан. Гэх мэтчилэн энэ тренд нь улам л эрчээ аваад байгаа билээ. Тэгвэл хүмүүс яагаад энэ трендэд ингэж их татагдаж байна вэ?

Ким Кардашьян Met Gala, 2021
Карди Би American Music Awards, 2021
Vetements хавар-зун 2022

Нууцлаг байдал

Техник, технологийн эрин үед нууцлаг байна гэдэг хүндхэн даалгавруудын нэг болжээ. Нас бие гүйцсэн бид нараар ч зогсохгүй хоолоо идэхээсээ урьтаж гар утсаараа дуу сонсож сурсан хүүхдүүд маань цахим ертөнцөд хэн нэгний талаарх мэдээллийг төвөггүй олчихдог болсон. Дээрээс нь утасны түгжих үйлдэл нь царай таньдаг болж, хөгжил өндөр хотуудын булан, тохой бүрт 24/7 камер ажиллаж байна. Энэ хэрээрээ хэдэн сая дата, мэдээлэл өдрөөс өдөрт цугларч байна гэсэн үг. Ингээд бодохоор хүмүүс нууцлаг байдал руу тэмүүлж эхлэх нь гарцаагүй. Мөн хэдэн мянган хүн холхилдог гудамжаар нэг өдөр ч болтугай “Миний царай ямар харагдаж байгаа бол? Хүмүүс над руу хараад байна уу? Яагаад хараад байгаа юм бол?” гэсэн асуултыг өөрөөсөө асуухгүйгээр явахыг хүссэндээ нүүрээ халхалдаг маскыг зүүснээр энэ нь чиг хандлага болтлоо хөгжжээ. Үүнээс гадна өдөр бүр төрөл бүрийн хүмүүстээ харьцах үед олон төрлийн сэтгэл хөдлөл гаргаж, зарим үед жүжиглэх ч шаардлага гардаг тул худал инээмсэглэхээс залхсан үед маск тусламж болдог бөгөөд яг л өөр хүний дүрд орсон мэт мэдрэмжийг өгч, нийгмийн харилцаанд ороход хамгаалалтын бүрхүүл болдог талаар Калифорния мужийн их сургуулийн сэтгэл судлалын профессор онцолсон билээ.

Тильда Суинтон Венецийн кино фестиваль, 2020
Rick Owens хавар-зун 2021
Schiaparelli хавар-зун 2021

Харин загварын салбарын хувьд нууцлаг байдалд дурладаг байсан анхдагч дизайнеруудын нэг бол Демна Гвасалия ч биш харин Maison Margiela ордны бүтээлч захирал Мартин Маржела байсан юм. Тэрээр өөрийн нүүрээ ил гаргах дургүй байснаар зогсохгүй бүхэлдээ шигтгээгээр чимэглэсэн маскийг цуглуулгадаа багтааж байсан түүхтэй. Харин брэндийн дараагийн бүтээлч захирал Матье Блази нь (одоо Bottega Veneta-ийн бүтээлч захирал) өөрийн кутюр цуглуулгадаа нүүрний маскнаас сэдэвлэсэн аксесуаруудыг оруулж байсан удаатай бөгөөд тэдгээр загваруудад дурлаж байсан хүмүүсийн нэг бол Канье Уэст юм. Тэгэхээр Канье Balenciaga-тай хамтарч, "Donda" цомгоо гаргахаасаа ч өмнө нууцлаг байдалд татагддаг байжээ.

Maison Margiela Artisanal намар-өвөл 2012
Maison Margiela Artisanal намар-өвөл 2014

Маск эрх чөлөөг олгоно

“Хэрэв та үнэнийг сонсохыг хүсч байгаа бол тэр хүндээ маск зүүж өгөхөд л хангалттай” нэрт зохиолч Оскар Уайльд.

Хүн бүр алхам тутамдаа болгоомжтой байж, өндөр ёс зүйтэй биеэ авч явахгүй л бол нэр хүнд хормын дотор унаж, “cancel culture” буюу олон нийтээрээ эсэргүүцэх хөдөлгөөнтэй нүүр тулах (таны байр суурь бүр мөсөн ганхлаа л гэсэн үг) боломжтой цаг үед бид амьдарч байна. Ямар сайндаа л цахим ертөнцөд өөрийн нэрийн өмнөөс хүссэн зүйлээ, чөлөөтэй хэлж ярих хүмүүс цөөрч, хуурамч нэр болон зурагтай хаягууд олширч байгаа билээ дээ. Тэгвэл бүхэл нүүрээ маскаар халхлах нь жинхэнэ амьдрал дээрх хуурамч цахим хаягийг орлох болжээ. Хүмүүс маск зүүснээр яг л хуурамч хаягаа хөтөлдөг шиг  чөлөөтэй байж чадахгүй ч энгийн хувцасласан үеэсээ илүү эрх чөлөөг мэдэрдэг байна.

Энэ байдлаараа бол тус чиг хандлага нь цаашид ч үргэлжилж, басгүй олон жил бидэнтэй хамт байх төлөвтэй байна. Харин загварт хайртай та энэхүү аксесуарыг туршиж үзэхийг хүсч байгаа ч нэг л зориглож өгөхгүй байгаа бол Gucci Love Parade шоуны үеэр танилцуулсан карнавалын хэв маягтай маскыг сонирхоод үзээрэй.

Gucci хавар-зун 2022

Buro.Mongolia

2022-01-06, 10:36