Залуу дизайнеруудын дунд хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгт тооцогддог LVMH Prize 2023 болж өнгөрлөө. Тус тэмцээнийг анх 2010 онд Christian Dior-ын ерөнхий захирал Дельфин Арно санаачилж байсан ба одоо LVMH Prize нь өсөн дэвжих авьяастай уран бүтээлчдийг хөлөө олоход нь дэмжлэг болдог үнэ цэнтэй арга хэмжээнүүдийн нэгт тооцогдох болжээ. Яг одоо салбартаа ихээхэн үнэлэгдэж буй Nensi Dojaka, Marine Serre, Ahluwalia, Peter Do зэрэг залуу брэндүүд энэхүү шалгаруулалтад тэргүүлж амжилтынхаа гарааг тавьсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 2023 оны тэмцээний финалд есөн загвар зохион бүтээгч тунаж үлдсэнээс Setchu брэндийн үүсгэн байгуулагч Сатоши Кувата манлайлж 400,000 евро бүхий мөнгөн шагнал, LVMH группийн мэргэжилтнүүдээс нэг жилийн турш зөвлөгөө, чиглэл авах эрхийн эзэн болоод байна.
Тэрээр Central Saint Martins-ын их сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд цуцашгүй хөдөлмөрлөгч, улс дамнан амьдрахаас эмээдэггүй зоригтой нэгэн билээ. Сатоши бага байхаасаа төрсөн эгчийнхээ цуглуулдаг байсан загварын сэтгүүл, дизайнер мэргэжилтэй авга эгчийнхээ үгээр хүмүүжсэн гэхэд болно. Тэрээр нас биед хүрэн Лондон явахаар шийдэхдээ эцэг эхээсээ санхүүгийн ямар ч тусламж аваагүй гэдэг. Боловсролдоо зориулан бие даан мөнгөө хурааж загварын шилдэг сургуулиудын нэгт тэнцэж чаджээ. Сурахын хажуугаар Сатоши эрэгтэй хослол урладаг H. Huntsman & Sons гэх нэр хүндтэй дизайны студид ажилладаг байв. Тэнд ажилчид нь олон жилийн туршлагатай хэдий ч өдөр бүр бие биетэйгээ зөвлөлдөж, бүтээлч эрэл хайгуулаа зогсоодоггүй байсан нь Куватагийн арга барил бүрдэхэд хувь нэмэр оруулжээ. Иймд пальто, эсвэл хослол урлахад эцсийн бөгөөд цорын ганц зөв шийдэл гэж хэзээ ч байдаггүйг залуу дизайнер маань ойлгосон юм.
Сатоши Лондонд сурч боловсорсны дараа Парис хотыг зүглэн бүтээлч захирал Риккардо Тишигийн удирдлага дор ажиллаж эхлэв. Улмаар Нью-Йорк хотод Канье Уэстийн лейблд зөвлөгчөөр, Миланд Golden Goose Luxury Brands-ын бүтээлч захирлаар орж туршлага хуримтлуулж байсан. Сатоши ийнхүү амьдарч байсан улсуудаасаа ирээдүйд үүсгэн байгуулах Setchu брэндийнхээ бутархай бүрийг цуглуулсаар байв. Францаас шик хэв маягийг, харин Итали эргэж харалгүйгээр урагш тэмүүлж зорьсондоо хүрэхийг түүнд зааж өгчээ.
Загварын мэдлэг зузааран эх орон руугаа буцахад түүний авга эгчийн хэлж байснаар дотоодын зах зээл уян хатан бус, дэлхийн нөхцөл байдлаас хол тасарсан байлаа. Тиймээс Сатоши Setchu брэндээ залуу уран бүтээлчдэд харьцангуй ээлтэйд тооцогддог Милан хотод суурьшуулах ажилд 2020 оноос хойш ханцуй шамлан оржээ.
Брэндийн нэр японы “вайо сечу” холбоо үгээс гаралтай ба “вайо” гэдэг нь Япон улсын Өрнөдтэй үүсгэсэн холбоог, харин “сечу” тэдний дундах зөвшилцлийг илэрхийлдэг гэнэ. Нэрийнхээ утгыг тайлбарлах үүднээс Сатоши өөрийн вэбсайт дээрээ тусгай иллюстрац зураг байршуулжээ. Зурагт Хиракава хотын барилгын зураг дүрслэгдсэн байх бөгөөд эхний давхрыг нь японы уламжлалт стилиэр, харин дээд давхар болон оройг нь барууны архитектурын стандартаар хийж гүйцэтгэсэн байна.
Оригами шиг эвхэгддэг цоохор ирвэсийн хээтэй даашинз, энгэрийн гурвалжин ухлаадастай цамц, олон төрлөөр загварчлах боломжтой кардиган, кимоног санагдуулам хослол гэхчлэн түүний цуглуулгад багтсан загварууд LVMH Prize тэмцээнд ялалт байгуулахад нөлөөлж шүүгчдийн харааг булааж чадсан билээ. Тэрээр дан ганц “вайо сечу” концепцдоо баригддаггүй, тав тухтай, үзэсгэлэнтэй хувцас бүтээхийг эрмэлздэг.
Setchu брэнд өөрсдийн үйлчлүүлэгчдэдээ хувцсаа борлуулаад зогсохгүй хэрхэн хадгалах, эсвэл аялах үедээ эвхэж хураах талаар зааварчилгаа өгдөг онцлогтой. Кувата японы уламжлалт кимоно эвхэх аргыг хүмүүст түгээн дэлгэрүүлдэг ба энэ нь хувцсыг овор хэмжээний хувьд жижиг болгож, мөн хэт их үрчлээтүүлдэггүй давуу талтай байна.
“Даруу байгаарай. Өөрийгөө ямагт үнэл. Гэсэн хэдий ч хичээл зүтгэл илүү их ахиц дэвшлийг дагуулдаг".
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт