Загварын түүхийг судлах, стайлинг хийж сурах мөн бусад шаардлагатай зүйлсийг олж мэдэх таван интернет курс
Өмнөх он жилүүдтэй харьцуулбал орчин үед аливаа шинэ зүйлд суралцахад хялбар болжээ. Заавал их сургуульд элсэн орж, эсвэл тодорхой нэг семинар ба лекцэд суух зорилгоор алс хол руу аялах шаардлагагүй болсон. Үүний оронд ердөө өөрт тохирох, сайн чанарын онлайн курс олоход л хангалттай. Мэдээ, мэдээллээр дүүрэн их хотын завгүй амьдралд ном унших цаг зав хангалттай их гардаггүй тул онлайн сургалтууд улам бүр л эрэлттэй болоод байна. Тэгээд ч онлайн сургалтад няцааж боломгүй хэд, хэдэн давуу тал бий. Юуны түрүүнд ийм зэргийн сургалтууд илүү хямд байдаг төдийгүй гэрийн тухтай нөхцөлд суралцах боломжийг олгодог юм. Ингээд бид анхан шатны сонирхогчид болон мэргэжилтнүүдэд тохиромжтой, бүртгүүлэхэд нээлттэй, загварын талаарх шилдэг таван онлайн курсын мэдээллийг нэгтгэлээ.
Fashion Styling and Image Making
Энэхүү жагсаалтыг бид Люсинда Чемберсийн удирддаг стайлингийн талаарх курсээр эхлүүлэхийг хүслээ. Люсинда бол өмнө нь Их Британийн Vogue ба Elle сэтгүүлүүдийн загварын захирлаар ажиллаж байсан туршлагатай чадварлаг стилист юм. Тэрээр эдгээр сэтгүүлүүдэд 36 жилийн турш ажиллахдаа байж болох бүхий л томоохон брэндүүдтэй хамтарч, хангалттай туршлага хуримтлуулсан нэгэн. Стилистийн ажил, тэр дундаа шинэлэг санаа хайж олох, зураг авалт зохион байгуулах ба портфолио үүсгэх талаар Люсинда хэнээс ч илүү дэлгэрэнгүй ярьж өгөх чадвартай юм. Энэхүү курсэд одооноос бүртгүүлэх боломжтой бөгөөд энд ямар нэгэн хатуу хуваарь ба шаардлага байхгүй. Курсэд хамрагдсан хүмүүс лекц сонсохоос гадна төрөл бүрийн видео хичээлүүд үзэж, унших шаардлагатай уран зохиолын жагсаалтыг авч, курсын эцэст Business of Fashion Education байгууллагаас сертификат хүртэх болно.
Үргэлжлэх хугацаа: 10,4 цаг (6 лекц ба нэмэлт хөтөлбөрүүд)
Үнэ: 195 ам.доллар
Fashion History for Today
Business of Fashion сэтгүүлийн зүгээс явуулдаг бас нэгэн курсыг энд дурдалгүй өнгөрч болохгүй. Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнагдсан сэтгүүлч, зохиолч Колин Макдауэллын удирдах энэ курс нь загварын түүхийг маш дэлгэрэнгүй судлах болно. Нийт 13 лекцийн туршид Макдауэлл загварын түүхэнд тохиож байсан нэн чухал, хувьсал хийсэн үйл явдлуудыг өгүүлж, тэдгээр нь орчин үеийн загвар бий болоход ямар нөлөө үзүүлснийг тайлбарлах юм. Үүнд тухайлбал Кристиан Диорын гаргасан алдарт New Look силуэт, Alexander McQueen-ы загварын шоу дээрх цагаан даашинзыг будгаар шүршсэн роботууд болон бусад энэ зэргийн чухал үйл явдлууд дурдагдана. Энэ курсэд хамрагдсанаар та загварын талаарх гүнзгий дүн шинжилгээнүүдийг сонсож, олон зүйлийн тайлбарыг олж мэдэх тул англи хэлний тань мэдлэг өндөр түвшинд байх учиртай юм шүү.
Үргэлжлэх хугацаа: 6,2 цаг (13 лекц)
Үнэ: 195 ам.доллар
Marc Jacobs teaches fashion design
Сүүлийн үед олны дунд хүлээлт үүсгээд байгаа, хамгийн өндөр эрэлттэй курс бол дизайнер Марк Жейкобсын өөрийн биеэр удирдах "Marc Jacobs teaches fashion design" богино хэмжээний сургалт юм. Дизайнер өөрийн үүсгэн байгуулсан Marc Jacobs брэндийн жишээ дээр бүтээлч санаа хаанаас олох, брэндинг хэрхэн хийх, үйлдвэрлэлтийг хэрхэн зөв зохион байгуулах талаар ярих болно. Гэхдээ энэхүү курсын туршид Марк хувцасны дизайн гаргах тал дээр түлхүү анхаарал хандуулж, мэргэжлийн талаас нь зааж сургана. Курсэд бүртгүүлсэн хүмүүс мөн цахим хэлбэрийн сургалтын дэвтэр хүлээн авах бөгөөд үүгээрээ дамжуулан дизайнераас асуулт асуух боломжтой байна. Курс 2018 оны эхээр эхлэх ба чөлөөтэй форматын дагуу хэзээ л бол хэзээ, хэдэн ч удаа хамаагүй лекцээ сонсож болохоор явагдах юм.
Үргэлжлэх хугацаа: 18 лекц
Үнэ: Нэг курсын 90 ам.доллар төлөх эсвэл курс явагдах Masterclass тавцанд нэг жилийн хугацаатайгаар 180 ам.долларын үнээр бүртгүүлэх боломжтой
Promoting Sustainability in Fashion
Лондонгийн алдарт Central Saint Martins коллеж загварын салбарын төрөл бүрийн харьяануудыг чиглэсэн маш олон онлайн сургалт явуулдаг. Энд анхан шатны сонирхогчид болон мэргэжилтнүүдэд зориулсан, хувцас дизайнаас эхлээд PR хүртэлх өргөн сонголттой сургалтууд бий. Тэр дундаас загварын тогтвортой хөгжил дээр суурилсан нэгэн сонирхолтой сургалт бидний анхаарлыг татлаа. Энэ курсыг University of Arts London их сургуулийн багш, судлаач ба нийгмийн идэвхтэн Лиз Паркер удирддаг байгаа. Байгаль орчинд ээлтэй загвар, ухамсартай хэрэглээний талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсч буй хүмүүст энэ курс нь нээлттэй байх болно. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, бусад онлайн сургалтуудтай харьцуулбал энэ нь долоо хоногт нэг удаа, тодорхой цагт явагддаг, хатуу хуваарьтай курс юм шүү.
Үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног, долоо хоногт нэг удаа 1,5 цаг үргэлжлэх хичээл орно
Үнэ: 450 фунт
Fashion Industry Essentials
Нью-Йоркийн Parsons их сургуулийн зохион байгуулсан энэхүү курс нь нийт таван үндсэн бүрэлдэхүүнтэй, маш том онлайн төсөл юм. Тодруулбал энэ курсэд гаднах стиль, дизайн, үйлдвэрлэл, загварын хэвлэл мэдээлэл, маркетинг ба PR гэх таван сэдвийн дагуу лекц орно. Загварын салбар дотроо өөрийн чиглэлийг хараахан тодорхойлоогүй байгаа эсвэл мэргэжлээ сольж, загварын салбарт хөл тавихыг хүсч буй хүмүүст энэ сургалт төгс тохирно. Илтгэгчид дунд Teen Vogue сэтгүүлийн хамт олон, дизайнер Ребекка Минкофф, Lady Gaga-гийн стилист Брэндон Максвелл болон салбарын бусад мэргэжлийн хүмүүс багтах болно. Курсэд бүртгүүлэхийг хүсч буй хүмүүст эхлээд анкет бөглөхийг санал болгож, ажлын долоо хоногийн дотор хариу өгнө хэмээн амлаж байгаа. Сургалтын тодорхой хугацаа, үнэ, хуваарийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
Үргэлжлэх хугацаа: 5 бүрэлдэхүүн, тус бүрдээ 4-6 цаг үргэлжилнэ
Үнэ: тодорхойгүй
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт