Дотуур өмдөө гадаа өмсөж болно: Эрчүүдийн загвар хаашаа чиглэж байна вэ?

Намар-өвөл 2023 улирлын гол чиг хандлагууд

Намар-өвөл 2023 эрэгтэй загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөөд байна. Дизайнерууд урьдын адил эрчүүдийн хувцасны шүүгээнд шинэлэг силуэт нэмэх эрэлдээ гарсан нь ташуу энгэртэй топ, бартаа захгүй пиджак, шинэ хэлбэрийн зах зэргээр тодорхойлогдлоо. Түүнчлэн "low-key luxury" буюу энгийн хэр нь тансаг хэв маяг эрчүүдийн загварт зонхилж эхэллээ.


ЦЭМЦГЭР ХИЙЦТЭЙ МАКСИ ПАЛЬТО

Нэг ч нугалаасгүй болтол нь индүүдээд болгоомжтойгоор өлгөөд тавьчихсан мэт цэмцгэр байдал бол намар-өвөл 2023 улиралд тренд болж буй пальтоны гол шинж юм. Энэ удаа Dries Van Noten, Saint Laurent, Loewe, Dior загварын орднууд "quiet luxury" буюу даруу тансаглал мэдрүүллээ.

DRIES VAN NOTEN
SAINT LAURENT
LOEWE
DIOR MEN

БАРТАА ЗАХГҮЙ ПИДЖАК

Загвар зохион бүтээгчид пиджакийг бартаа захгүй силуэттэйгээр урлажээ. Энэхүү загвар нь илүү хялбар, өдөр тутмын, хөнгөн өнгө аясын илэрхийлэл болж байна.

KENZO
ZEGNA
LOUIS VUITTON
ARMANI

АНХААРЛАА ЗАХ РУУ ХАНДУУЛЦГААЯ

Японы Kolor брэнд тэгш бус хэмтэй хүрмийн захаар цуглуулгынхаа хэв маягийг тодорхойлж, Dior загварын ордон бүтээлч захирал Сен Лораны ажиллаж байх үед анхны удаагаа эсгэж байсан дугуйрсан захыг сэргээн урлаж, харин Prada тод өнгийн салангид зах харуулж, бараан өнгийн пиджактай хослуулан өнгөний контраст үүсгэжээ.

DIOR
HERMES
KOLOR
PRADA

ТАШУУ ЭНГЭР

Эрчүүдийн загварын ертөнцөд шинэ уур амьсгал оруулсан дараагийн хувцас бол ташуу энгэртэй топ юм. Дан мөртэй энэхүү цамцыг пиджакийн дотуур, эсвэл сорочкан цамцны гадуур загварчилж өмсөхийг брэндүүд харуулжээ.

DIOR
GUCCI
LOUIS GABRIEL NOUCHI
FENDI

ДОТУУР ӨМДӨӨ ГАДАА ӨМС

Эрэгтэй болон эмэгтэй загварыг тусгаарладаг зааг улам л бүдгэрсээр байна. Эрчүүд юбка, даашинз, корсет гэхчлэн ямар ч хувцас өмсөж болохыг салбарынхан бидэнд ойлгуулахыг хичээсээр. Тэгвэл оролдлого үргэлжлэн энэ удаа эрэгтэй хүмүүс ч гэсэн ноосон дотуур өмдөө гадаа өмсөж болохыг харууллаа. Дотуураа өмсөж хэвшсэн өмдөө хэрхэн шинээр загварчилж болохыг Gucci, Loewe, Auralee брэндээс суралцах боломжтой.

GUCCI
LOEWE
LOEWE
AURALEE

ОЛОН ДАВХАР ТЭЛЭЭ

Dries Van Noten өндөр суудалтай брюкэн өмдөө нэг ч биш, хоёр ч биш, бүр гурван давхар тэлээлэхээр шийджээ. Түүнчлэн JW Anderson, Yohji Yamamoto нар энэхүү чиг хандлагын эгнээнд багтаж олон давхар тэлээ бэхэлсэн хүрэм, пиджакыг толилуулсан юм.

DRIES VAN NOTEN
DRIES VAN NOTEN
YOHJI YAMAMOTO
JW ANDERSON

БҮСЭЛХИЙНЭЭС УЯХ АРГА

Энэ намар болон өвлийн улиралд тун хялбар бөгөөд загварлаг харагдуулдаг бүсэлхийнээсээ цамцаа уях стилистик аргачлалыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Та дан ганц цамц ч гэлтгүй куртка, пиджак гээд ямар ч төрлийн хувцас ашиглах боломжтой.

GIVENCHY
LOUIS VUITTON
AURALEE
LEMAIRE

СААРАЛ ӨНГӨ МАРТАГДАХ БОЛООГҮЙ

Эрэгтэй загварын долоо хоног зохион байгуулагдахад Giorgio Armani, Dior брэндийн цуглуулгыг маш олон хүн тэсэн ядан хүлээдэг, нүд, чих тавин үздэг билээ. Энэ улирлын хувьд тэдний цуглуулгад саарал өнгө давамгайлсан нь гол чиг хандлагаар нэрлэгдээд байна.

HERMES
GIORGIO ARMANI
DIOR
ZEGNA

Buro.Mongolia

2023-01-26, 12:39