Эрэгтэй загварын долоо хоног: Jil Sander, хавар 2017

Ил тодорхой байдал

Jil Sander-ын бүтээлч захирал Родольфо Пальялунга брэндийн уламжлалт минимал хэв маягийг бүр ч илүү минимал болгосон харагдана

Брэндийн үүсгэн байгуулагч дизайнер Жиль Сандер ямарваа нэгэн илүү дутуу зүйлгүй, маш минимал загварын хувцаснууд урладгаараа алдартай. Түүний брэндийг орчин үед амжилттайгаар авч яваа бүтээлч захирал Родольфо Пальялунга ч мөн адил тэрхүү минимал хэв маягийг тавьж явуулалгүй, үүсгэн байгуулагчийн гоо зүйн мэдрэмжийг үргэлжлүүлсээр байна.

Пальялунгагийн хавар-зуны цуглуулга маш энгийн дүрс ба өнгөнүүдээс бүрдэж, байж болох хамгийн минимал хэв маягтай болжээ. Түүний тайз дээр гаргасан төрх бүр маш биед эвтэйхэн бас практикт хэрэгтэй харагдаж байлаа. Цуглуулга ерөнхийдөө том хэмжээстэй тренч цув, савхин хүрэм, нарийн өмд, хөнгөн хослол, сүлжмэл цамц гэх зэрэг эрэгтэй бүрийн шүүгээнд зайлшгүй байх ёстой үндсэн загваруудаас бүрдэж байв. Гэхдээ бүх зүйл тийм ч энгийн байсангүй. Ногоон ба цайвар цэнхэр өнгийн буурсан эффекттэй мөн бүүдгэр цэцгэн хээтэй шик загварууд бусдаас ялгарч, олны анхаарлыг татлаа. Энэ цуглуулгаас харахад брэндэд хоёр жилийн турш ажиллаж ирсэн Пальялунга одоо л нэг өөрийнхөө танигдахуйц хэв маягийг тогтоож байгаа бололтой. Мэдээж хэрэг тэр Жиль Сандерын минимал түүхийг үргэлжлүүлнэ. Гэхдээ одооноос эхлэн түүний цуглуулгууд саармаг төрхтэй хэрнээ гүн утгатай болж байна.

 

Buro.Mongolia

2016-06-20, 11:00

  • Зураг: