ISAIA, хавар-зун 2017: Эрчүүдийн хувцаслалтын хөтөч

Бюро 24/7 зөвлөж байна

"Амжилтын төлөө хувцасла" гэх илэрхийллийг бид эрт дээр үеэс сонсож ирсэн. Таны гадаад төрх бусдад анхны сэтгэгдэл үлдээж, таныг хүндлэх, танд итгэх, тантай мэргэжлийн түвшинд харьцах анхны үзүүлэлт болж өгдөг. Энэ нь магадгүй шударга бус сонсогдож болох ч, орчин үеийн нийгэмд тэр тусмаа бизнес орчинд гадаад стиль имиж чухал нөлөө үзүүлдгийг үгүйсгэх хүн үгүй биз ээ. Амжилттай хүмүүс яагаад үргэлж өөгүй төгс дүр төрх бүрдүүлэхийг зорьдог вэ? Стиль бол тэдний "би" гэсэн брэндийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг тэд сайн ойлгодог. Ирландын зохиолч Оскар Уайльдын хэлсэнчлэн "Та хэзээ ч хэтэрхий ганган, эсвэл хэтэрхий боловсролтой байна гэж үгүй" юм.

Тэгэхээр "амжилтын төлөө" хэрхэн хувцаслах вэ? Юуны түрүүнд энэ нь цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, цэмцгэр, мэдрэмжтэй стиль бүрдүүлэхийг илэрхийлдэг ойлголт юм. Одоо байгаа нөхцөлдөө тааруулах биш, харин хүрэхийг хүссэн зорилгодоо тохируулан хувцаслахыг хэлнэ. Ямар ч хүн сайхан хувцасласан үедээ өөртөө илүү итгэлтэй болдог. Олон мянган үзэгчдийн өмнө ганцаараа тайзан дээр зогсохдоо хүртэл өөртөө итгэлтэй байж чадах тэр л хувцаслалтыг амжилтанд хүрэхийг хүссэн эр хүн бүр бүрдүүлж сурах хэрэгтэй. Ингээд бид уншигчиддаа шинэ улиралд хэрхэн загварлаг, цэмцгэр, бас хамгийн гол нь чанартай хувцаслахыг зөвлөх үүднээс Улаанбаатар хотод итали мэргэжилтнүүдийн нарийн мэдрэмжийг авчирсан ISAIA брэнд рүү зүглэлээ.

ISAIA брэндийн шинэ хавар-зун 2017 цуглуулга дэлхий дээрх диваажин хэмээн нэрлэгддэг Капри арлаас бүтээлч санаа авснаараа онцлог болжээ. Цэнгэг далай, цэцэглэх газар ба цэнхэр тэнгэрийн өнгөний палитрыг өөртөө агуулсан уг цуглуулгын загвар бүр хээнцэр амьдралыг илэрхийлж байлаа. Өндөр барилгын дээвэр дээрх усан бассейнтай үдэшлэг, сайн чанарын оргилуун дарс, мөн мэдээж хэрэг өөлөх зүйлгүй цэмцгэр стилиэр тодорхойлогдох Капри арлын эрчүүдийг ISAIA брэнд Монголд нэвтрүүлж байна.

Үндсэн өнгөнүүд: ISAIA дэлгүүр рүү алхан ороход эрэгтэй хүний шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй үндсэн дөрвөн өнгө хараанд өртлөө. Тэр нь цэнхэр, саарал, бор ба улаан өнгөнүүд юм. Тэнгэр ба далайн хооронд хэлбэлзэх цэнхэр өнгөний бүхий л туяанууд, газар шороо ба галт уулыг илэрхийлэх байгалийн өнгөнүүд энд давамгайлжээ. Мөн шинэ загваруудыг сайтар ажиглавал ягаан ба нил ягаан өнгийн загварлаг элементүүд анзаарагдах болно. Тухайлбал саарал пиджакны захыг босгоход ар хэсэгт нь ягаан-улаан өнгийн оруулга үзэгдэж байгаа нь цуглуулгыг илүү сонирхолтой, залуу хэв маягтай болгосон байлаа. Хамгийн гол нь шинэ цуглуулгын бүх хувцаснуудын өнгө хоорондоо төгс уусах тул эрчүүд эндээс хаврын хувцаслалтаа хялбархан бүрдүүлэх боломжтой харагдлаа.

Эсгүүр: Тухайн хүний биед зориулан урласан, галбирт төгс суусан хослол эрэгтэй хүнийг хормын зуур цэмцгэр, дэгжин харагдуулдаг онцгой чадвартай. Биеийн бүх хэсэгт зөв суусан хослол, дэлгүүрт худалдаалагддаг бэлэн загвартай харьцуулшгүй байдгийг хүн бүр мэдэх биз ээ. ISAIA брэнд хэрэглэгчиддээ made to measure буюу биеийн хэмжээг аван, захиалгаар хийдэг тусгай үйлчилгээ үзүүлэхээс гадна, сүүлийн үеийн хамгийн сонирхолтой эсгүүрүүдийг санал болгож байна. Тухайлбал хавар-зуны дулаан улиралд зориулж ISAIA пиджакнынхаа эсгүүрийг богиносгож, захыг нь хэвийнээс бага зэрэг том хэмжээтэй болгосон байна. Тэд мөн дан энгэртэй сонгодог пиджакаас гадна, сүүлийн үед моод болж буй давхар энгэртэй сонголтууд цуглуулгадаа оруулжээ. Өмнө нь хуучинсаг хэмээн тооцогддог байсан давхар энгэртэй загвар орчин үеийн мэдрэмжтэй залуучуудын нэн тэргүүн сонголт болж байна.

Материал ба хээ: 1950 ба 1960-аад онуудад Капри арлын эрчүүд дунд моод болж байсан цэцгэн хээтэй, судалтай загваруудыг ISAIA брэнд сэргээж байна. Pitti Uomo гэх томоохон загварын арга хэмжээнүүд дээр үзэгддэг хээ угалзаар баялаг, тод өнгөтэй хувцаснууд шинэ цуглуулгад өргөн сонголтоороо бий. Брэндийн үүсгэн байгуулагч Жианлука Изайа энэ удаад даавуу, ноос, торго, хөвөн даавуу, мөн өөрийн дуртай дөрвөлжин хээтэй твид материал гэх мэт маш олон төрлийн материал онцолжээ.

Онцлох загварууд: Орчин үеийн хэрэглэгчид илүү ухаалаг хувцас эрэлхийлэх болсон энэ үед ISAIA брэнд дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Үүний хамгийн тод жишээ бол хаврын шинэ цуглуулгад багтсан ус нэвтэрдэггүй материалтай нимгэн хүрэм юм. Монголын эрс тэрс цаг агаарт хамгаас тохирох энэ загвар эрэгтэй бүрийн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй хувцас мэт санагдана. Бороо, цаснаас төвөгшөөхгүй хэрнээ нэгэн зэрэг загварлаг харагдана гэдэг том давуу тал биш гэж үү? Шинэ цуглуулгын өөр нэгэн онцлох загвар бол италийн алдарт гарын дохионуудыг дүрсэлсэн хөгжилтэй футболканууд юм. Хүн бүрийн сайн мэдэх тэдгээр гарын дохионууд ямар ч орчинд сонирхолтой ярианы сэдэв болж, олны анхаарлыг татах нь гарцаагүй.

ISAIA Mongolia
Утас: 77221010, 80906070, Хаяг: Shangri-La Mall, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Facebook: ISAIA Mongolia

Instagram: @isaia_mongolia

 

Ө.Тодгэрэл

2017-05-01, 10:30