Нью-Йорк дахь Moncler брэндийн "Art of Love" үзэсгэлэн

Загварын салбарын 32 зурагчид

Нью-Йоркийн загварын долоо хоног эхэлмэгц загварын марафон гараагаа хийлээ. Марафоны үеэр загварын шоу, үзүүлэнгээс гадна мөн олон төрлийн үзэсгэлэн гардаг ба энэ удаад Moncler брэнд онцгойрлоо

Нью-Йорк хотын Нийтийн номын санд зохион байгуулагдаж буй Moncler брэндийн "Art of Love" үзэсгэлэн нь Нью-Йоркийн загварын долоо хоногийн онцлох арга хэмжээнүүдийн нэг билээ. Үзэсгэлэнд загварын салбартай шууд холбоотой 32 зурагчны бүтээлүүд тавигдах болно. Анх Moncler брэнд 1952 онд үүсч байхад худалдаанд гарсан Maya duvet jacket гэх брэндийн алдарт хүрмийг Артур Элгорт, Энни Лейбовиц, Патрик Демаршелье, Брюс Вебер болон бусад уран бүтээлчид өөрийнхөөрөө найруулан зурагт буулгажээ. Moncler урьсан зурагчиддаа ямар ч хязгаарлалт тавилгүйгээр, уран бүтээлийн эрх чөлөө олгосон тул зургууд маш олон төрлийн болж чадсан харагдана. Тодруулбал Памела Хэнсоны хувилбарт түүний урлагийн тэнгэр бүсгүй Жулия Рестуан-Ройтфельд оролцсон бол, Бриджитт Лакомб зураг авалтын моделиороо муур сонгожээ.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь Maya duvet jacket хүрмийг урлагтай холбож, олсон ашгаараа amfAR буяны байгууллагад туслах аж. Дуудлага худалдааны ачаар цугларах мөнгө тус сангийн судалгааны ажилд зориулагджээ. 

Ө.Тодгэрэл

2015-09-14, 11:00

  • Зураг: