“Beef” цувралын дүрүүдийн хувцаслалтад ямар утга санаа агуулагдсан бэ?

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн Netflix-ийн “Beef” цувралын шинэлэг зохиол, санаанд оромгүй эргэлтүүд, хоржоонтой хошигнол хүмүүсийн халуун ярианы сэдэв болоод буй. Тус бүтээлд Али Уон, Стивен Ян, Жосеф Ли, Ян Мазино гэх Ази гаралтай америк жүжигчид тоглосноороо онцлог бөгөөд тэдний үзүүлсэн ёжтой жүжиглэлт олон ч үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан билээ. Үүнээс гадна “Beef”-ийн дүрүүдийн төрх бусад Ази соёлыг хөндсөн кинонуудтай харьцуулахад чинээлэг хүмүүс нь нүд гялбам тод хувцасладаг зэрэг хэвшмэл ойлголтыг эвджээ. Мөн тэдний хувцаслалтаар өөр өөр угсаа гаралтай Ази америкчуудын харилцан адилгүй шинжийг төлөөлөн гаргасан байв.

Цувралын дизайнерын албанд “Station Eleven”, “American Horror Story” бүтээл дээр ажилласан туршлагатай Хелен Хуан сонгогдсон байна. Тэрээр “Beef” цувралыг өмнө ажиллаж байсан төслүүдээс өөрт нь хамгийн ойр санагдсан гэдгээ хэлсэн бөгөөд mood board-оо гаргахдаа өөрийн гэр бүл, найз нөхдөөсөө сэдэвлэжээ.

Эми Лау

Эмигийн хувцаслалт сүүн цагаан, ясан цагаан, шаргал, бор гэхчлэн саармаг, тайван өнгөнүүд давамгайлсан минимал харагдана. Түүний уур хилэн, төрөлх зан чанараа нүүрэн дээрээ ил гаргадаггүй зуршил нь ижил туяатай, энгийн хувцаслалтаар нь илэрхийлэгдэх бөгөөд дотоод зан чанар болон гаднах төрхийн контраст Эмиг улам тааварлашгүй болгожээ. Цаашлаад киноны өрнөл  Дэннитэй хийх сөргөлдөөн рүү шилжих үед Эмигийн төрхөд тод өнгөнүүд нэмэгдэж эхэлдэг.

Дэнни Чо

Дэнни бол арваад жилийн настай ажлын футболка, Goodwill-ээс трифтлэж авсан цамц төдийхнөөр аргацаадаг өнгөрсөндөө гацчихсан залуу. Түүний хувцаслалтаас 25-тайгаасаа хойш шинэ хувцсанд мөнгөө зарлагдаж үзээгүй мэт сэтгэгдэл төрөх ба загварын трендэд өчүүхэн ч анхаарлаа хандуулдаггүй нь ажиглагдана. Тэглээ гээд Дэнни гадаад төрхөө хөсөр хаячихсан, хүмүүст сайхан харагдах талаар огт боддоггүй нэгэн биш. Учир нь тэрээр сүмд очиж залбирахдаа, ажил гүйцэтгэгчийн хувиар захиалагчтайгаа уулзахдаа аль чадахаараа албаны журмаар төрхөө бүрдүүлж очдог.

Жорж Накаи

Загварлаг Ази эрэгтэйн хэвшмэл дүр зураг Жоржийн төрхийг харснаар сарнин алга болно. Жорж хэт их хичээгээгүй тансаг бөгөөд цэмцгэр хувцасладаг. Дизайнер Хуан түүний төрхийг сонирхолтой силуэттэй, тэйлор хийцтэй хувцсаар баяжуулахын сацуу Nanushka болон Kapital брэндийн ноосон кардиган түлхүү оруулж дүрийнхээ аядуу тайван, хайр татам зан чанарыг илэрхийлжээ. “Тэр бол Tom Ford-ын гуталд биш, хамгийн сүүлийн үеийн Crocs-д анхаарлаа хандуулдаг төрлийн дүр” хэмээн Хелен хуваалцсан юм.

Пол Чо

Пол болон Дэнни хоёр нэг орчинд өсөж торнисон ч дүү Пол нь илүү нийгэм, хүрээлэлтэйгээ холбоо тогтоохоор зорьдгийг түүний хувцаслалтаас харах боломжтой. Дизайнер Хуаны хувьд дүрийнхээ туршлага, санхүүгийн байдлыг харгалзаж үзэн Zumiez, Pacsun, Champion, Express зэрэг худалдааны төвүүд дахь загварын соёлыг судалж үзжээ. “Тэр орчин үеийн байхыг хичээдэг ч 10 жилээр хоцорсон хэвээр л байдаг” хэмээн Полын стилийг Хелен Хуан тодорхойлсон юм.

Фуми Накаи

Алдартай артистын бэлэвсэн эхнэр Фумигийн хувцасны шүүгээ цэцгэн хээтэй, винтэж уур амьсгалтай, тод өнгийн авангард, этгээд хувцаснуудаас бүрдэнэ. Учир нь тэрээр өөрийгөө яг л урлагийн бүтээл мэт хувцаслах дуртай. Хелен Фумигийн төрхийг Comme de Garçons-ын гоо зүйтэй дөхүүлж бүрдүүлсэн бөгөөд хижээл насны эмэгтэйчүүдийг дүрсэлдэг уламжлалт хэв маягийг эвдэхээр хичээжээ.

Buro.Mongolia

2023-04-26, 16:46