Бидний 2021 онд урдаа тавих 3 загварын зорилт

Дэлхий өөрчлөгдөж, дагаад бид ч өөрчлөгдөж байна

Хувцас, эд зүйлсийг түрээсэлдэг болно

Бүтэн нэг жилийн хугацаанд хөл хорионд байчихсан дэлхийн нийт өөрийн эрхгүй шоппинг хийх зуршлаа анзааран тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд оруулж байна. Өмнө нь их тусмаа сайн хэмээн бодож, хоромхон зуурын таашаал авчрах хямд худалдан авалт хийж, хэрэглээндээ хэт хийсвэр хандах хандлага давамгайлдаг байсан бол одоо харин бид эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үүрэгтэй гэдгээ бүр ч илүү ухаарахаас гадна карантинд байх хугацаандаа хүнд үнэ хэрэгтээ тийм ч олон зүйл хэрэггүй гэдгийг хараад байна. Одоо "Хэрэглээгээ багасгах, Дахин боловсруулах, Дахин ашиглах" гэсэн гурван гол зарчмыг баримталдаг болсон. Үүний дээр мөн "Эд зүйлсийг түрээслэх" гэдэг ойлголт хүчээ авч, хүмүүс үүнийг олон жилийн өмнөх шиг ичгэвэртэй зүйл гэж хүлээж авахаа болин харин ч эсрэгээрээ ухамсартай хэрэглээг эрхэмлэдэг ухаалаг хүний шийдвэр гэж харж байна. Өөрийн болон бусдын хувцасны шүүгээг эргэлтэд оруулах нь бидний эх дэлхийн төлөө хийж болох эхний алхмуудын нэг юм.

Орчин үед хувцас болон эд зүйлс түрээсэлдэг маш олон вебсайтууд, дэлгүүрүүд бий болсон байгаа. Энэ нь экологийн хувьд эерэг үр дагавартайгаас гадна, санхүүд хэмнэлттэй, мөн загварт дуртай хүний сэтгэл ханамжид ч нөлөөтэй. Учир нь түрээслэх арга замын ачаар бид худалдаж авах боломжгүй мөрөөдлийн зүйлсээ ч хүртэл хэрэглэх боломжтой болдог. Ерөнхийдөө шоппинг хийх ийм арга барилд давуу тал маш их тул ирэх ондоо үүн дээр илүүтэй төвлөрөх зорилтыг тавьж байна.

Секонд-хенд, винтэж хувцсыг эрхэмлэнэ

Дэлхий маань энэ их хэрэггүй хувцсан дунд "живж" байгаа өнөө үед бид дор бүрнээ хэрэглээгээ ухааран тэдгээр хэрэггүй болсон хувцаснуудад шинэ гэр олж өгснөөр загварын салбарын дэлхийн цаг уурын өөрчлөлтөд оруулдаг сөрөг үр нөлөөг бага ч болов багасгаж чадах юм.

Ирэх 2021 онд бид аливаа зүйл худалдан авахаасаа өмнө эхлээд секонд-хенд хувилбар нь байгаа эсэхийг шалгаж, ийм төрлийн дэлгүүрүүд болон вебсайтуудаар зочлохыг урдаа тавина. Ингэхдээ ч хүртэл маш хатуу шалгуурын дагуу тухайн зүйлийг шинжиж, үнэхээр хэрэгтэй эсэхийг нь сайтар бодсоны эцэст сонголтоо хийнэ. Мөн мэдээж авсан эд зүйлээ өөрийн зүгээс сайн арчилж, удаан хэрэглэх дээр анхаарах зорилтыг тавьж байна.

Цөөн болов ч чанартай зүйл худалдан авна

2021 онд бид дотоодын мэргэжилтнүүдийн ур чадварыг дэмждэг, байгальд ээлтэй эко материал ашигладаг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг брэндүүдээс сонголт хийхийг зорих болно. Зах зээлд байгаа тэр олон брэнд дундаас ядахдаа байгаль орчинд болон хувь хүнд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг брэндүүдийг онцлох нь ухамсартай хэрэглэгч бидний үүрэг юм.

Мэдээж чанартай, эко зүйлс илүү өндөр үнэтэй байдаг ч эцсийн үр дүн, ач холбогдлыг нь ухааран өөрийн шоппинг хийх зуршилдаа бодит өөрчлөлт оруулах нь их чухал юм. Харсан болгоноо бодлогогүйгээр худалдан авах биш, эсвэл шинэ зүйл гарах бүрт трендийн араас хөөцөлдөх биш, харин яг өөрт хэрэгтэй байгаа, олон жил өмсөж чадах зүйлээ сайтар бодож төлөвлөөд, мөнгөө ч эртнээс цуглуулж, олон биш нэг л чанартай зүйл авахыг зорих хэрэгтэй.

 

Buro.Mongolia

2020-12-30, 13:00