А.Л.Штиглицийн нэрэмжит Санкт-Петербургийн урлаг, аж үйлдвэрийн улсын академи, Central Saint Martins-ын их сургуулийг дүүргэсэн, Mugler-ын экс бүтээлч захирал гүрж гаралтай Давид Комахидзе (Кома гэдэг нь түүний овгийн товчлол) Blumarine-ы жолоог гартаа атгах шийдвэр саяхан гарсан билээ. Түүний 15 насандаа гаргаж байсан анхны цуглуулгаас эхлэн одоог хүртэл туурвисан бүтээлүүд болон дизайнерын амьдралын нэгээхэн хэсгээс эргэн дурсъя.
Давид Кома Гүрж улсын нийслэл Тбилиси хотод төрсөн бөгөөд есөн насандаа гэр бүлийн хамт Санкт-Петербург хот руу нүүжээ. Тэрээр бага насандаа домогт дизайнер Тьери Мюглерын баримтат киног үзэн “Би киногоо хуулж аваад ахин дахин үздэг байсан. Тус бүтээл дээр гардаг дүрслэл, уран сэтгэмж, хувцас өмсгөл болон материалууд намайг үнэхээр их гайхшируулдаг байлаа. Тэгэхэд л би энэ бол миний хийхийг хүсэж буй зүйл гэдгийг ойлгосон” хэмээн Style.com-д өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Кома 15 насандаа дунд сургуулиа төгссөн бөгөөд тэр даруйдаа анхны цуглуулгаа танилцуулсан түүхтэй. Өсвөр насны Давид хүү загварын ертөнцөд аль хэдийнээ зүрх сэтгэлээ өгчихсөн байсан ба “Надад дизайнерууд, шүүгчид, тэднийг хүрээлэх моделиуд маш их таалагддаг байсан… Тухайн үед Орос улсад зохиогдож буй бүх л тэмцээн уралдаанд оролдог байв. Тэгж л бүх зүйлийн эхлэл тавигдсан даа” гэж 2011 онд Interview сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсаж байсан юм.
Үүний дараа Кома А.Л.Штиглицийн нэрэмжит Санкт-Петербургийн урлаг, аж үйлдвэрийн улсын академид сонгодог зураг, урлагийн түүхээр суралцаж байжээ. Энэхүү сургуул нь тухайн үед В.И.Мухинагийн нэрэмжит урлаг, аж үйлдвэрийн дээд сургууль гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Суралцаж байх хугацаандаа Давид анатомийн хичээлдээ ихэд дурладаг байсан нь түүний орчин цагийн бүтээлүүдэд тусгагдсан байдаг. “Би эмэгтэй хүний биеийн галбирт хайртай. Үүний ачаар би маш үзэсгэлэнтэй, сэтгэл татам хувцас урлаж чаддаг” гэдгээ Давид онцолж байсан удаатай.
Цаашлаад түүний эрдэм номын мөр дизайны тэргүүлэгч сургуулиудын нэг Лондон дахь Central Saint Matins-д үргэлжилжээ. Тэрээр Британийн эзэнт гүрний одонгоор шагнагдаж, Harrods-ын дизайны шагнал хүртэж байсан Луиза Уилсоны удирдлага дор 2009 онд төгсөж байв. Салбартаа өндөр нэр хүндтэй тус сургуульд элсэх болсон шалтгаанаа тэрээр “Намайг 14 настай байхад ээж маань чухал загвар зохион бүтээгчдийн тухай болон тэдний хаана сурч байсан талаар бичигдсэн ном бэлэглэсэн юм. Тэр үед л би Saint Martins-ын талаар олж мэдсэн” гэж 2019 онд Оросын BURO.-д өгсөн ярилцлагадаа тайлбарласан билээ.
Мэргэжлийнхээ номын дууг сонсож гүйцээсэн залуу авьяастны дараагийн зорилго өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулахад төвлөрч байлаа. David Koma брэнд нь одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ба Лондонгийн загварын долоо хоногийн тогтмол оролцогчдын нэгт тооцогддог. Тэрээр карьерынхаа явцад маш олон шагнал хүртэж, Бейонсе, Рианна, Леди Гага, Хейли Бибер, Адель, Оливиа Родриго гэхчлэн олны танил эрхмийг хэрэглэгчээ болгож, сийлбэрлэсэн мэт эмэгтэйлэг даашинзны загвараараа нэрээ цуурайтуулж чадсан билээ.
2014 онд түүний амьдралд чухал үйл явдал тохиосон нь Thierry Mugler-ын бүтээлч захирал болох ажлын санал байлаа. Энэ талаар Кома “Надад хэзээ нэгэн цагт ийм санал ирнэ гэдгийг би үргэлж мэддэг байсан. Тэд надад санал тавих үед бүх үйл явц тун энгийн болоод өнгөрсөн. Бүх ярилцлагын үеэр би цэвэр өөрийнхөөрөө байсан” хэмээн хуваалцсан юм. Харин түүнийг Thierry Mugler-ын бүтээлч захирлаар сонгосон шалтгааныг брэндийн хөгжил, маркетинг, харилцаа холбооны асуудал хариуцсан Виржини Куртен-Кларанс “Бидэнд жинхэнэ кутюр хувцасны дизайнер хэрэгтэй байсан” гэж тодорхойлсон байдаг. Давид Кома өөрийн дебют цуглуулгаа 2014 оны зургаадугаар сарын 14-нд толилуулсан бол 2017 онд албан тушаалаа хүлээлгэж өгсөн түүхтэй.
Тэрээр Thierry Mugler-д ажиллаж эхэлсэн үеэ тус брэндэд ямар ч концепц, баг бүрэлдэхүүн, үйлчлүүлэгчид байгаагүй хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Давид “Танилууд маань надад ‘Чи ийм том, ийм алдартай компанид ажиллаж байгаа нь ямар том аз вэ!’ гэж их хэлдэг байсан. Гэхдээ тэд бодит байдал ямар байгааг хардаггүй, бас мэддэггүй байлаа. Би Mugler-ыг дахин сэргэн мандуулсандаа өөрөөр бахархдаг. Харин одоо тэнд гайхамшигтай студи, чадварлаг ажилчид, авьяаслаг дизайнерууд ажиллаж байна. Энэ бүхэн шинэ бүтээлч захирлын гар дээр очсон нь надад ерөөсөө ч гомдолтой санагддаггүй. Харин ч маш их хүндлэл, баяр баясгалан мэдрэгдэж байна” гэдгээ хуваалцсан юм.
Комагийн Mugler-т өнгөрүүлсэн жилүүд төгсгөл болсноор тэрээр өөрийн нэрийн брэнддээ илүү анхаарч эхлэв. Төрөл бүрийн хэлбэр дүрсэнд оруулсан, эмэгтэйлэг, минимал хэв маягтай загваруудаа урласаар. Зарим үед спорт хувцас хүртэл гаргана. Түүний спорт загварын сонирхол нь улам лавширч Let’s Swim хэмээх бие даасан усны хувцасны брэндээ өөрийн багын найзтай хамтран үүсгэн байгуулсан юм.
Харин одоо Комагийн удирдлагад David Koma, Let’s Swim-ээс гадна Blumarine брэнд ороод байна. Blumarine-д өмнө нь Вальтер Кьяпонни бүтээлч захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг гарснаас хойш хагас жил орчмын хугацаанд тус ажлын байр нь эзгүй байсан юм. Давидын хүний биеийн анатоми, хурц өнцөгт суурилсан дизайны арга барил нь Blumarine-ы максималист, дэггүй хэв маягтай хэрхэн уялдахыг бид дараа жил мэдэх боломжтой. Дизайнер өөрийн дебютээ 2025 онд намар-өвөл улирлын цуглуулгаараа дамжуулан хийх ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт