Bottega Veneta брэндийн олон нийтийн сүлжээнээс татгалзсан шалтгаан ил боллоо

"Issue"

Энэ оны эхээр Bottega Veneta брэнд Instagram, Twitter гээд олон нийтийн сүлжээн дэх бүх хуудсаа хаасан билээ. Тэгвэл Bottega Veneta брэнд яагаад ийм шийдвэр гаргах болсон шалтгаан өчигдөр ил боллоо. Тодруулбал брэнд энэ сараас эхлэн улирал тутам онлайн сэтгүүл гаргаж байхаар болсон байна. "Issue" хэмээн нэрлэсэн дижитал сэтгүүлд гэрэл зураг, видео бичлэг, ярилцлага, нийтлэл бүхий 133 нүүр байх ба эхний дугаарын зочноор рэппер Мисси Эллиотт, Storror хэмээх чөлөөт гүйлтийн баг, дизайнер Барбара Хуланикки нар уригджээ.

"Энэхүү сэтгүүлээр дамжуулан Bottega Veneta-гийн ертөнцөөр яарч сандралгүйгээр аялахыг хүсч байна. Олон нийтийн сүлжээнд бүгд нэг л төрлийн зүйлийг ахин дахин давтаад үзээд байгаа мэт санагддаг. Энэ нь миний хувьд хүний бүтээлч байдлыг хязгаарласан зүйл мэт санагддаг" хэмээн брэндийн бүтээлч захирал Даниел Ли WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сонирхуулахад Hermès болон Acne брэндүүд ч мөн хэвлэмэл сэтгүүлийг сурталчилгаандаа ашиглаж, хэрэглэгчиддээ урам зориг бэлэглэх, тэдэнд илүү таатай мэдрэмж төрүүлэхийг зорьж ажилладаг билээ.

Buro.Mongolia

2021-04-01, 17:57