Гэрэл зураг бидэнд цаг хугацаагаар аялж, өнгөрсөн үеийн сайхан дурсамжаа сэргээхэд тусладгаас гадна урам зориг, таашаал, гуниг, шаналал гэхчлэн маш олон мэдрэмж төрүүлж чаддаг хүчирхэг зүйл. Гэрэл зургийг зөвхөн гэр бүлийн, эсвэл баяр наадмын хүрээнд л авч үздэг байсан үе нэгэнт ард хоцорч Монголд гэрэл зургийн салбар цоо шинэ түвшинд хөгжин цэцэглэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл энэ удаад өөрийн гэсэн онцгой чиглэл, арга барил, хэв маяг, мэдрэмжээрээ бусдаас эрхгүй ялгарч буй шинэ үеийн гэрэл зурагчид BURO.-гийн харааг булаалаа.
О.Төмөрбаатар
Төрсөн огноо: 1993.08.28
Гэрэл зургийн чиглэл: Загвар
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2014
Instagram: tumurbaatar
Өөрийн мэргэжлийн ажлыг үргэлж өндөр түвшинд хийж гүйцэтгэх зарчим баримталдаг О.Төмөрбаатар нь загварын гэрэл зургийн чиглэлээр ес дэх жилдээ ажиллаж байна. "Аливаа ажилд хариуцлагатай, сахилга баттай хандах хэрэгтэй. Тэр дундаа мэргэжлийн гэрэл зурагчин байхын тулд хамтарч ажиллаж буй хүмүүстэйгээ сайн ярилцаж, ойлголцдог байх хамгийн чухал" хэмээсэн тэрээр Michel & Amazonka, Говь, Michael Kors, Premier Tailor зэрэг томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг арвин туршлагатай нэгэн билээ.
Б.Инжинааш
Төрсөн огноо: 1989.02.23
Гэрэл зургийн чиглэл: Баримтат
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2004 он
Instagram: injinaash_bor
Ямар нэгэн тавилтгүй, өөрийн гэсэн өгүүлэмж, илэрхийлэлтэй, амьдрал дээрх бодит агшныг чадварлаг буулгадаг зурагчин бол Б.Инжинааш. Сүүлийн 10 жилийн турш гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж буй түүний мэргэжлийн карьер анх 15 насандаа зөвхөн хар цагаан хальсаар авсан зургаа өөрөө боловсруулж, цаасан дээр буулгадаг гэрэл зургийн төсөлд суралцаж төгссөнөөр эхэлсэн бөгөөд өдгөө энэхүү мэргэжлээрээ нэлээдгүй үзэсгэлэнд оролцоод зогсохгүй томоохон сангуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсан аж.
Б.Эрдэнэбулган
"Аль болох хүмүүсийн харж байгаагүй, шинэ газруудыг гэрэл зургаар дамжуулан танилцуулахыг хичээдэг" хэмээх Б.Эрдэнэбулган нь гэрэл зураг дарах сонирхолдоо хөтлөгдөж өөрийн үндсэн мэргэжлээ зоригтойгоор орхисон аж. "Гэрэл зурагчин гэдэг зүгээр л чөлөөт цагаараа хийдэг ажил биш. Мэргэжлийн түвшинд ажиллахын тулд үргэлж суралцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Ингэхэд маш их хугацаа шаардагддаг учир бүх зүйлээ зориулж байж л сайн гэрэл зурагчин болж чадна" хэмээн өөрийн бодлыг илэрхийлсэн бөгөөд 13 жилийн өмнө анх зураг авч эхлэх үед нь хүмүүсийн магтаал, дэмжлэг маш сайн түлхэц болж байсан гэнэ.
Б.Болдбаатар
Төрсөн огноо: 1988.04.14
Гэрэл зургийн чиглэл: Хөрөг
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2005
Instagram: boldoo_march
March Nine Media агентлагийн зурагчнаар ажилладаг Б.Болдбаатарыг бид телевизийн томоохон төсөл, нэвтрүүлгүүдээс олонтоо харж байсан. Монголд гэрэл зураг салбарлан хөгжиж эхлээгүй 2005 онд анх энэ салбарт хөл тавьсан тэрээр 18 жилийн турш тууштай, үргэлж шинийг эрэлхийлж, аливаа орчинд хөрвөх чадвартай ажилласаар ирсэн бөгөөд өдгөө хөрөг зургаас гадна загвар болон сурталчилгааны чиглэлээр дагнан ажиллаж байна.
Г.Луубат
Төрсөн огноо: 1997.12.16
Гэрэл зургийн чиглэл: Интерьер
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2015
Instagram: luubatt
Дуртай зүйлээ хийж амьдрах мөрөөдлөө биелүүлэхээр гэрэл зурагчны мэргэжлийг сонгосон Г.Луубат нь багадаа нийгмийн идэвх сайтай, спорт сонирхдог хүүхэд байсан ч ахлах ангиа төгсөх үедээ гэрэл зурагт дурлаж, өнөөдөр өөрийн үндсэн мэргэжил болтол хөгжүүлж чаджээ. 2015 оноос зураг авч, 2016 оноос мэргэжлийн гэрэл зургийн агентлагт харьяалагдан ажиллаж эхэлсэн тэрээр "Одоогийн Луубатыг гэрэл зураггүйгээр төсөөлөхийн аргагүй" хэмээн онцолсон бөгөөд энэ мэргэжлийг эзэмшихэд харилцааны чадвар маш том давуу тал болдог хэмээсэн юм.
Ё.Чанцалдулам /Chayodu/
Төрсөн огноо: 1994.07.01
Гэрэл зургийн чиглэл: Загвар болон концептуал
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2014
Instagram: chayodu
Ё.Чанцалдулам нь 2014 онд график дизайнерын мэргэжлээр суралцаж байх үедээ хичээлийнхээ хажуугаар гар утсаараа янз бүрийн зураг дарж түүнийгээ олон янзаар өөрчилж, өнгө тавьж янзлах маш дуртай нэгэн байжээ. Ингэж явсаар сургуулиа төгсмөгцөө загварын гэрэл зургийн чиглэлээр дагнахаар шийдсэн нь түүний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан гэнэ. Түүний гэрэл зургууд үргэлж өөрийн гэсэн хэв маяг, гүн утга, өгүүлэмжтэй байдаг бөгөөд тэрээр "Гэрэл зураг авахад туршлага хэдий чухал ч гэлээ тухайн зурагчин өөрийгөө сонсдог, ойлгодог, дотоод мэдрэмжээ хөгжүүлдэг байх нь ялгаагүй чухал" хэмээж байна.
Б.Батгэрэл
Төрсөн огноо: 1989.07.08
Гэрэл зургийн чиглэл: Агаарын
Гэрэл зураг авч эхэлсэн он: 2007
Instagram: bagimax
Агаарын гэрэл зураг гэдэг нь "bird's eye view" буюу шувууны нүдээр харагдаж болох өндөр дээрээс нисдэг тэрэг, дрон, агаарын бөмбөлөг, шүхэр зэргийг ашиглан байгаль болоод газрын гадарга дээрх объектуудыг хүмүүст өөр өнцгөөс харуулах зорилготой гэрэл зургийн чиглэл юм. Энэ чиглэлээр маш олон жил тууштай ажиллаж, Улаанбаатар хотын дөрвөн улирлын өөрчлөлт, өдөр тутмын амьдрал, Монгол орны бахдам сайхан байгалийг бидэнд цоо шинэ өнцгөөс харуулдаг зурагчин бол Б.Батгэрэл. Тэрээр бага байхаасаа л гэрэл зурагт дуртай байсан бөгөөд ахлах ангиа төгсөөд урлагийн сургууль сонгож, график дизайнераар суралцсан нь түүнд мэргэжлийн гэрэл зурагчин болоход хамгийн том түлхэц болж өгсөн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт