Dior одоо хүртэл Раф Симонсын орлогчийг хайж байна

Брэндийн төлөөлөгчийн албан ёсны мэдэгдэл

Christian Dior-ын ерөнхий захирал Сидни Толедано саяхан албан ёсны мэдэгдэл хийж, компани одоо хүртэл шинэ бүтээлч захирлаа хайж буйг зарлалаа

Өнгөрсөн жилийн намар Раф Симонс Dior ордны бүтээлч захирлын суудлыг орхисноос хойш түүнийг орлох чадвартай дизайнер өдийг хүртэл гарч ирээгүй л байна. Шинэ бүтээлч захирлаар хэн тодрох бол гэсэн асуулт загварын ертөнцөд шуугиан дэгдээгээд бүхэл бүтэн зургаан сар өнгөрсөн ч хариу гарах хараахан болоогүй байгаа бололтой.

Өчигдөр Лондон хотод Dior-ын шинэ төв дэлгүүр нээгдсэнтэй холбогдуулан тус компаний ерөнхий захирал Сидни Толедано хэвлэл мэдээллийнхэнд богино хэмжээний ярилцлага өгчээ. Тэр загварын ордны шинэ бүтээлч захирлын хайгуулын ажил одоо хүртэл үргэлжилж байгааг мэдэгдсэн байна. "Бид огтхон ч яарахгүй байгаа. Энэ бол маш чухал албан тушаал юм шүү дээ" хэмээн тэр хэлжээ. Тэрээр мөн нэмж хэлэхдээ "Рафыг явснаас хойш брэндийн борлуулалтад ямар нэгэн дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд сүүлийн улирлын тайлангаас харахад компаний орлого хоёр дахин өссөн хэвээр байгаа" гэдгийг онцолсон байна.

 

Buro.Mongolia

2016-06-03, 15:00

  • Зураг: