Домогт гэрэл зурагчин Питер Линдбергийн шилдэг бүтээлүүд

Эргэн дурсацгаая

Уржигдар домогт загварын гэрэл зурагчин Питер Линдберг 74 насандаа энэ хорвоог орхисон билээ. Тэрбээр бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон, анхны харцаар сэтгэлийн гүн дэх чавхдасыг хөндөж чаддаг хар-цагаан хөрөг зургуудаараа хүн бүхний зүрх сэтгэлийг эзэмдээд зогсохгүй өөрийн давтагдашгүй хэв маяг, алсын хараагаар загварын гэрэл зургийн салбарыг бүхэлд нь өөрчилсөн юм.

Гэнэн томоогүй байдал, дотоод ертөнц рүү цоо ширтэх харц, баяр баясгалан цацруулсан инээмсэглэл, чин үнэн төрхийг тодотгосон түүний бүтээлүүд хэтрүүлэн засаж янзалсан, тавилттай зургууд давамгайлсан загварын гэрэл зургийн ертөнцөд жинхэнэ "цэвэр агаар" болж байлаа. 1990-ээд оны супер моделиуд, Холливүүдийн жүжигчид гээд салбар, салбарын үзэсгэлэнт бүсгүйчүүд түүний дуранд өртөж байсан бөгөөд дэлхийн нөлөө бүхий загварын сэтгүүлүүд Питер Линдбергийн бүтээлүүдээр нүүр хуудсаа чимж байв.

Бид Питер Линдбергийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний шилдэг бүтээлүүдийг эргэн нэг харахаар шийдлээ.

Buro.Mongolia

2019-09-05, 12:01