Эди Слиман: “Би өөрийн гэсэн брэнд үүсгэн байгуулах төлөвлөгөөгүй байна”

Зүгээр л үгүй

Дөрөвдүгээр сарын сүүлээр Эди Слиманыг нэрийн брэнд үүсгэн байгуулах зорилгоор хөрөнгө оруулагч хайж явна гэх цуу яриа олон нийтийн сүлжээгээр тархсан. Дизайнер уг цуурхлыг няцаалаа

Hedi Slimane брэндийн загварыг бид ойрын хугацаанд олж харахгүй бололтой. Саяхан дизайнер өөрийн хуульч Эрве Темимаар дамжуулж, түүний талаар тархсан цуу ярианд хариу мэдэгдэл хийлээ. "Эди Слиман хэзээ ч өөрийн нэрийн брэнд үүсгэн байгуулахыг төлөвлөж байгаагүй. Тэгэхээр сүүлийн үед цахим сүлжээгээр тархаж буй түүний талаарх цуурхлууд бүгд худлаа болохыг албан ёсоор мэдэгдье. Үүнд WWD хэвлэлийн газрын мэдээлэл хүртэл хамрагдаж байгаа юм" хэмээн Слиманы Twitter хуудсанд хариу мэдэгдэл нийтлэгдсэн байна.

PRESS STATEMENT FROM HEDI SLIMANE'S LAWYER, MAITRE HERVE TEMIME pic.twitter.com/jQ4SySgDKO

— Hedi Slimane (@hedislimanetwit) May 4, 2016

Чадварлаг дизайнерыг Saint Laurent загварын ордноос гарснаас хойш түүний ирээдүйн төлөвлөгөө хүн бүрийн сонирхлыг татах болсон. Эхэндээ түүнийг Chanel загварын ордон руу явж, Карл Лагерфельдийг орлоно гэх яриа гарч байсан ч, сүүлд Слиманыг өөрийн нэрийн брэнд үүсгэн байгуулах зорилготой байна хэмээн яригдаж эхэлсэн. Үнэн хэрэгтээ Слиманы ирээдүйг зөвхөн бурхан ба дизайнер өөрөө л мэдэж байгаа бололтой.

Buro.Mongolia

2016-05-06, 13:00

  • Зураг: