Ретро загварын сэргэн мандалт үргэлжилсээр
2023 онд винтэж пүүзний эрэлт нэмэгдэж, спорт хувцасны брэндүүдээс гадна тансаг зэрэглэлийн брэндүүд ч ретро загварын өрсөлдөөнд нэгдэж эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил ч мөн ретро загварын пүүз, кет эрэлт ихтэй хэвээр байх хэдий ч илүү тод өнгийн, тэр дундаа мөнгөлөг өнгийн загварууд анхаарлын төвд ороод байна.
Загварын долоо хоногууд дээр хамгийн их харагдсан онцлох пүүзнүүдийн нэг бол яахын аргагүй Salomon. Тэгвэл 2024 онд худалдаанд гарсан XT-6 GORE-TEX мөнгөлөг хар болон цөлийн шар өнгө бүхий шинэ загварууд нь ус, салхины хамгаалалттай, чийг гадагшлуулдаг өндөр технологийн Gore-Tex материал ашигласнаараа онцлог юм. Олон өнгөний сонирхолтой хоршил, геометрийн хээ, Contagrip технологийн резинэн ул, чанартай материалаас бүрдэх энэхүү уулын болон гүйлтийн зориулалттай загварыг пүүзний хорхойтнууд, загварын инфлюэнсерүүд өргөн силуэт бүхий карго өмд, бариу рейтуз, overzised савхин хүрэм, том футболкатай хослуулан загварчилж өдөр тутамдаа өмсөх үзэгдэл түгээмэл болсон билээ.
Анх 2010 онд New Balance брэндийн хамгийн алдартай гүйлтийн пүүзний нэг болох 2002MR-аас санаа аван худалдаанд гарсан New Balance 2002R загвар нь тав тухтай байдлыг эрхэмлэгч хэрэглэгчдийн мөнхийн сонголт билээ. Олон жилийн эдэлгээ даах өндөр чанартай илгэн болон торон материалаар хийгдсэн энэхүү пүүз нь биеийн тэнцвэрийг хадгалж, гүйх, алхах зэрэг өдөр тутамд өмсөхөд зориулагдсан маш хөнгөн бүтэцтэйгээс гадна ямар ч төрлийн хувцаслалт дээр төгс зохицох минимал өнгө, хийцээрээ загварын инфлюэнсэрүүд, пүүзний хорхойтнуудын анхаарлыг татсаар байна. Өдгөө спорт заал дахь тамирчдын хэрэглээнээс хальж холливүүдийн алдартнууд, олны танил эрхмүүдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан New Balance брэнд 2023 онд орлогын өсөлтөөрөө бүх спорт хувцасны брэндүүдийг тэргүүлсэн юм.
Металлик Nike лого, мөнгөлөг оруулаг бүхий бүхэлдээ саарал өнгөний монохромоос бүтэх энэхүү Nike zoom vomero 5 загварын амьсгалдаг торон материал, зөөлөвчтэй ул, олон давхарга бүхий нарийн хийц нь өдөр тутамд, хүссэн загвар дээрээ хослуулан өмсөх боломжийг танд олгоно. Аавын пүүзийг санагдуулам 90-ээд оны гоо зүйг агуулсан энэхүү загварын өнгөний схем нь хавар болон зуны улиралд нэн тохиромжтойгоос гадна жийнсэн өмд, урт юбка, савхин хүрэм гээд хүссэн хувцастайгаа хослуулан загварчлах боломжтой.
Силуэт бус өнгөн дээр төвлөрсөн худалдан авалт хийх нь 2024 оны тренд байх болно. Зөвхөн хөл бөмбөгийн тамирчдын гүйцэтгэлийг сайжруулж, хөлд эвтэйхэн, халтирдаггүй ултай зохион бүтээгдэж байсан Adidas Samba пүүзний минимал цагаан, саарал, хар өнгийн загварууд өнгөрсөн жил загварын салбарт цахиур хагалсныг бид сайн мэднэ. Тэгвэл энэ жил Adidas Gazelle, Adidas Hand 2, Spezial, Wales Bonner X Adidas зэрэг загваруудын тод улаан, ягаан, цэнхэр, ногоон өнгөнүүд ихээхэн анхаарлын төвд ороод байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө Италийн алдарт загварын ордон Miu Miu болон Америкийн спорт хувцас, хэрэгслийн New Balance брэндүүд 1,120 ам.долларын үнэ бүхий цоо шинэ хамтралаа танилцууллаа. Зөвхөн Miu Miu брэндийн албан ёсны вэбсайт дээр анхлан худалдаанд гарсан энэхүү загвар нь өнгөрөгч оны Парисын загварын долоо хоногийн Miu Miu ордны шоун дээр гарч ирсэн цагаасаа загвар сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Гүн бор, цайвар бор, цагаан гэсэн гурван өнгөний сонголт бүхий энэхүү загварыг бүтээхдээ цэвэр даавуу, цэвэр арьс, элгэн болон торон материалууд ашигласан бөгөөд 1992 онд худалдаанд гарч байсан New Balance брэндийн хамгийн классик, хамгийн хөнгөн 530 загвараас ч илүү хөнгөн, тав тухтай бүтээгдсэнээрээ онцлог юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт