Стиль болон тав тух хамт оршин тогтнож болдгийг баталсан GOBI-гийн шинэ цуглуулга
Дэлхийн хаа сайгүй тренд болж буй байгалийн өнгөтэй ноолуур
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа тогтвортой хөгжлийн талаар яригдаж, зөвхөн хувцас загвар гэлтгүй бусад бүх салбарт байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах гол зорилт тавигдаад байгаа билээ. Хэрэглэгчид ч бас fast fashion гэх ойлголтоос аль болох татгалзаж, цөөн бөгөөд чанартай эд зүйлс эрхэмлэх болсон нь илт мэдэгдэж байгаа. Үүний дээр энэ онд дэлхийн хэмжээнд хөл хорио тавигдсаны улмаас бидний өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлтүүд орж, байгаль болоод бие биедээ хандах хандлага хувьсаж, хэрэглээгээ илүү ухамсарлаж, ер нь л бие махбод болоод сэтгэл зүйн хувьд байгальтайгаа ойр, тав тухтай байхыг илүү их хүсэх болсон. Үүнийгээ дагаад биед тухтай атлаа шик, чанартай, гол нь байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэсэн загварууд маш өндөр эрэлттэй болж, томоохон дизайнерууд ч энэ трендийг алдалгүй шинэ цуглуулгууддаа тусгаж өгч байгаа.
Бүр тодруулбал элдэв нэмэлт оруулгагүй байгалийн саармаг өнгөтэй, арьсанд зөөлөн бөгөөд тансаг мэдрэмж төрүүлэх ноос, ноолуураар хөлөөсөө толгой хүртлээ дагнан хувцаслах тренд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн хүчээ авч, дэлхийн гол загварын эрхмүүд бүгд тэмээний бор, сүүн цагаан болон чулуун саарал сүлжмэл эдлэлүүдээр гоёх болжээ. Гэхдээ дэлхийд энэ тренд нь одоо л хүчээ авч байж болох ч Монголд Говь Органик брэнд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш л байгальтай ойр мэдрүүлэх, үйлдвэрлэл болоод дизайны хувьд органик загваруудыг нэвтрүүлсээр ирсэн.
Говь брэндийн хувьд үргэлж хөгжин дэвшиж байдгийн хэрээр улирал өнгөрөх тусам бүр ч илүү байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргахыг зорьж, илүү нарийн хийцтэй, байгальд уусан задардаг, химийн бодис болон цайруулалт ашиглаагүй загварууд гаргаж байгаа. Намар-өвөл 2020 цуглуулга ч бас тэрхүү дэвшлийн нэгэн том баталгаа юм. Модны холтос, элсний ширхгээс санаа аван урласан сул, шулуун эсгүүр бүхий цуглуулгын загвар бүрээс байгаль эхийн тансаг зураглал харагдана. Мөн брэндийн дизайнерууд энэ удаад өмднүүд дээрээ хурдан өвдөг гарахаас сэргийлэн тохоос сүлжээ оруулж, цамцнуудаа илүү олон төрлөөр загварчлах боломжтой байлгах үүднээс их бие болон ханцуйд хоёр өөр сүлжээс хослуулж, кардигануудаа зөвхөн өдөр тутамд гэлтгүй баяр ёслолд ч тохиромжтой байлгахаар шулуун, цэмцгэр эсгүүрээр урласан гээд хэрэглэгчийн шаардлага, тав тухыг урдаа тавин ажиллажээ. Үүнээс гадна Говь нутгийн онцлог чанар болох элсний нүүдлийн зураглалыг орчин үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдрэмжид тулгуурлан тренд болж буй десант хээтэй уялдуулах байдлаар модерн шийдлүүдийг шингээж өгсөн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт