Бид Сингапур улсыг зорин HUGO BOSS брэндийн арга хэмжээг сурвалжиллаа

Бюро 24/7 газар дээрээс нь сурвалжилж байна

Тавдугаар сарын 25-ны баасан гарагийн үдэш Hugo Boss брэнд Сингапур улсад томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Marina Bay Sands худалдааны төвд орших брэндийн 511м2 бүхий шинэ концепцитой дэлгүүрийн нээлт болон Олимпийн алтан медальт тамирчин Жозеф Скулинг тус брэндийн шинэхэн нүүр царайгаар тодорсныг тэмдэглэхээр загвар ба кино урлагийн салбарын дэлхийн алдартнууд нэг дор хуран цугларлаа. Уг арга хэмжээнд Marvel-ын супер баатрууд болох Крис Хемсворт (Thor), Себастиан Стэн (Bucky Barnes) нар хүрэлцэн ирсэн юм. Крис Хемсворт Hugo Boss сүрчгийн төлөөлөгч бол Себастиан Стэн 2018 оны намар-өвөл цуглуулгын нүүр царайгаар ажилласан билээ. Дэлгүүрийн нээлтийн хүрээнд Hugo Boss намар-өвөл 2018 цуглуулгынхаа тусгай загварын шоуг зохиосон бөгөөд энэхүү сэтгэл догдлом үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Монголын Hugo Boss дэлгүүрийн төлөөлөгчид Бюро 24/7 сэтгүүлийн хамтаар Сингапур улсыг зорилоо.

Marina Bay Sands худалдааны төвд орших Hugo Boss брэндийн шинэ концепци бүхий дэлгүүр дахь арга хэмжээ

Нээлтийн улаан хивсний ёслол

Орон орноос ирсэн алдартнууд Porsche хөлөглөн Marina Bays Sands Expo & Convention Centre-д хүрэлцэн ирснээр арга хэмжээ эхэлсэн юм. Hugo Boss брэндийн шинэ цуглуулгын загваруудаар гоёсон олон улсын нөлөө бүхий эрхмүүд болон Сингапурын бүхий л алдартай хүмүүс улаан хивсний ёслол ба шоуны өмнөх коктейль үдэшлэгт оролцож байх зуур, хүн бүрийн хүсэн хүлээсэн мөч ирлээ. "Infinity War"-ын шүтэн бишрэгчид Крис Хемсворт ба Себастиан Стэн нарыг баатрын төмөр хуяг, тоноглолтойгоор харж дассан байж болох ч, тэдгээр хүчирхэг эрчүүд үнэндээ хослол өмссөн үедээ бүр ч сэтгэл булаам гэдгийг бид өөрсдийн нүдээр харлаа.

Себастиан Стэн, Инго Вилтс (Hugo Boss CBO), Жозеф Скулинг, Крис Хемсворт

Сэтгүүлчид Крис Хемсвортоос шүтэн бишрэгчиддээ загварын зөвлөгөө өгөхийг хүсэхэд тэрээр "Жижиг халаасны алчуур эсвэл эрвээхий зангиа зэрэг нь үргэлж хувцаслалтыг илүү сайхан харагдуулдаг" хэмээн хариуллаа. Себастиан Стэн ч бас түүнтэй санал нийлж "Би ямар ч хувцсыг халаасны алчуураар чимхэд бэлэн байдаг" гэж хэлсэн юм. Харин Жозеф Скулингийн хувьд өөрийн биеийн галбирыг уламжлалт бус хэлбэртэй хэмээн онцолж, "Мөр маань ташаанаас илүү өргөн. Тиймээс тэйлоринг хамгаас чухал шүү" гэлээ.

Hugo Boss намар-өвөл 2018 загварын шоу

Ингээд хүндэт зочид эхний эгнээнд байрлах үед тайз руу чиглэсэн хурц гэрэл асч, хөгжим чангаар дуугарч, тайзнаа алдарт модель Сү Жү Парк шоуг нээн гарч ирлээ. Энэ нь Hugo Boss-д таван жил ажилласан бүтээлч захирал Жейсон Вугийн брэндэд зориулсан сүүлчийн цуглуулга юм. Жейсон Ву Hugo Boss-ын ДНХ болсон уламжлалт тэгш хэмтэй эсгүүрийг зөөлөн, уян хатан чанартай хослуулж, шинэлэг загвар гаргадгаараа алдартай байсан. Тэрээр шулуун зурааснуудыг эмэгтэй хүний галбирт тааруулж, нугалснаар орчин үеийн Boss бүсгүйг илүү романтик, эмэгтэйлэг болгож чадсан билээ.

"Би энэ цуглуулгаараа брэндэд ажилласан өөрийн эрин үеийг тодорхойлсон. Тийм ч учраас би загвар бүрийг, мөн модель бүрийг үнэхээр шик харагдуулахыг зорьсон. Хээнцэр, цэмцгэр, өөгүй төгс" хэмээн Жейсон Ву сүүлчийн бүтээлээ тайлбарласан юм.

"Хослол" гэдэг ойлголтыг өргөжүүлж өгсөн хантааз ба брюк өмдний нэгдэл, дөрвөлжин хээтэй өмдтэй хосолсон спортлог ноосон цамц, хуниастай намирсан өмдөн дээгүүр өмссөн энгийн захтай цамц. Тайзнаа гарсан эдгээр төрх бүрээс минимал, тайван уур амьсгал мэдрэгдэж байсан бөгөөд Вугийн хэлдгээр бүх деталь нь өөгүй цэмцгэр байв. Ерөнхийдөө шик гэдэг ойлголт нь 2018 онд цэмцгэр гэх үгтэй хорших болсон. Цэвэрхэн, минимал хувцасласан атлаа алаг тахийн хээтэй гар цүнхээр төрхөө сонирхолтой болгосон байдал, энгийн цамцыг нарийн улаан утсаар чимсэн аргачлал зэрэг нь нүдэнд хурц биш боловч загварлаг хэв маягийг үүсгэж байсан юм.



Харин эрэгтэй загваруудыг "спорт тэйлоринг" гэх нэршлээр тодорхойлж болно. Бейсболын сэдэв хөнгөн мэдрэгдэх цуглуулгын загварууд өдөр тутмын ба ажил хэрэгч стилийн зааг дээр оршиж байсан гэж хэлж болно. Boss-ын уламжлалт загваруудтай харьцуулбал илүү сул эсгүүртэй гадуур хувцаснууд, брюк өмднүүд зэрэг нь шинэ, залуу уур амьсгал авчиржээ. Гэхдээ мэдээж хэрэг загвар бүрийн гүйцэтгэл, эсгүүр, оёдол бүр нь Hugo Boss-ын уламжлалын дагуу өөгүй төгс хэвээр байлаа.

Ойролцоогоор 15 минут үргэлжилсэн шоуны эцэст бүх загварууд тайзнаа гарах үед Жозеф Скулинг болон Hugo Boss брэндийн хамтарсан богино видео сурталчилгаа анх удаа үзэгчдийн хүртээл болон гарсан юм. Харин үүний дараагаар Жозеф 40 гаруй моделийг тэргүүлэн загварын тайзнаа өөртөө итгэлтэйгээр алхлаа. Загвар өмсөгчийн туршлагагүй тэрээр байгалийн авьяастай гэмээр орчиндоо уусч чадсан нь гайхалтай.

2016 оны Олимпийн наадмаар Майкл Фелпсыг дийлж чадсан усанд сэлэгч Жозеф Скулинг гуравдугаар сард Hugo Boss брэндийн нүүр царайгаар сонгогдсон билээ. Шинэхэн хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавих зорилгоор брэнд таван бүтээгдэхүүнээс бүрдсэн капсул цуглуулга гаргасан байгаа. Поло цамц, футболка, богино шоорт, гар цүнх ба алчуур зэрэг нь цэнхэр-шар өнгийн судалтай хээгээр чимэглэгдсэн нь тамирчны үндсэн талбар болох ус ба Олимпоос хүртсэн алтан медалийг илтгэжээ. Загваруудын үнэ 199-259 ам.долларын хооронд хэлбэлзэх бөгөөд борлуулалтаас олсон нийт хөрөнгийн 15% нь Скулингийн нэрэмжит спорт академид хандивлагдах юм.

Монголын Hugo Boss дэлгүүр брэндийн гаргах шинэ загваруудыг цаг тухайд нь хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж байгаа бөгөөд энэхүү цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн Жозеф Скулингийн капсул цуглуулгыг тун удахгүй худалдаалж эхлэх гэж байна. Мөн pre-fall 2018 цуглуулгын шинэ загварууд дэлгүүрт тавигдах болно. 

Hugo Boss Mongolia
Утас: 77448888, Хаяг: Сентрал Тауэр, 1 давхар.

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Тайзны ард:

After-party :

Ө.Тодгэрэл

2018-05-30, 10:20